Ч.Гансүхийг даваа гаригт шүүнэ

Хуучирсан мэдээ: 2014.02.15-нд нийтлэгдсэн

Ч.Гансүхийг даваа гаригт шүүнэ

Арван долоон тэрбумын хэрэгт холбогдоод байгаа Татварын ерөнхий газрын  дарга нарын хэргийг шүүх хурал ирэх даваа гаригт болох гэж байна. Баянзүрх дүүргийн шүүхээр нэгдүгээр сарын 28-ний өдөр хэлэлцэх ёстой байсан эл хэрэг яллагдагчдын өмгөөлөгчдөд ажил гарсан гэх шалтгаанаар хоёрдугаар сарын 17 хүртэл хойшлогдсон юм.  ҮТЕГ-ын  Хяналт, шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх болон О.Бямбасүрэн, Н.Энхбат, Т.Галмандах нарын 13 хүнийг бусдаас авлига авсан, улсын санд орох байсан их хэмжээний татварыг нуун дарагдуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн юм. Одоогоор шүүгдэгчдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа бөгөөд дээрх хэрэгтэй холбогдуулан Ч.Гансүхийн хүү гэх Г.Ганзулд хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар эх сурвалж дурьдсан юм.

Өмнөх шүүх хурлын үеэр нэр бүхий гурван шүүгдэгчийн өмгөөлөгч нар тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Тухайлбал, шүүгдэгч Б.Жаргалын өмгөөлөгч К.Бауржан нь Улсын Дээд шүүхэд шүүх хуралдаан давхацсан, шүүгдэгч Ч.Гансүхийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг нь БНСУ-д ахыгаа эмчилгээнд авч явсан, шүүгдэгч Г.Энхбатын өмгөөлөгч С.Жанцан нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шүүх хуралдаан давхацсан тухай холбогдох баримтуудаа шүүхэд ирүүлсэн байжээ. Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч нар дээрх хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан бүх шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан байна. Түүнчлэн шүүгдэгч Х.Хандсүрэнгийн өмгөөлөгч Г.Тунгалаг нь шүүх хуралдаанд гэрчээр ОХУ-ын иргэн Платонов Максим Викторовичийг оролцуулах санал гаргажээ.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчдийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс дээрх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг. Тиймээс Ч.Гансүхийн шүүх хурал ирэх даваа гарагт болохоор шийдвэрлэсэн байна.

Татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж,  эхнэр хүүхэд, нууц амрагийнхаа дансанд тэрбум, тэрбумыг нь шилжүүлж байсан хэрэг олны нүдийг бүлтийлгэсэн. Захын нэг татварын байцаагчийн эхнэрийн данснаас  зургаан сая ам.доллар, нууц амрагийнх нь данснаас тэрбум төгрөг гарч ирсэн нь  Монгол Улс хонио чононд хадгалуулж байсан уу гэх олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байсан билээ. Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, Улсын төсөв, орлого хяналтын газрын судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат болон татварын байцаагч О.Бямбасүрэн нарыг их хэмжээний авлига авч, улсын хөрөнгөөс 17 тэрбум төгрөг шамшигдуулсан хэрэгт буруутган , энэ асуудлыг  ирэх долоо хоногийн ажлыг эхний өдөр шүүхээр хэлэлцэхээр тов нь гараад буй нь энэ юм. Тэд аж ахуйн нэгж, хувь хүнийг татвараас хөнгөлснийхөө хариуд авлига авдаг байжээ хэмээн хуулийнхан тухайн үед хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байсан.

Хэргийг сөхвөл, Ч.Гансүх нь ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт оруулж, торгууль тавих замаар дарамтлан авлига авдаг байсан бөгөөд түүнд мөнгө төлөхөөс татгалзсан зарим компаниудын АТГ-т гаргасан гомдлоор тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Гэхдээ түүнд ямар компани хичнээн төгрөгийн авлига өгч байсныг хуулийнхан нууцалж байна.  Ч.Энхбатын эхнэр н.Охиноогийн дансанд дөрвөн сая ам.доллар байсныг хуулийнхан илрүүлсэн байдаг. 

Ийнхүү улсад орох ёстой байсан мөнгийг хувьдаа завшсан  цагаан захтнуудын хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэх бол гэдгийг олон нийт харах л үлдэж байна.  Тэднийг тбусдын эд хөрөнгийг зав­ших, үрэгдүүлэх, татвар тө­лөхөөс зайлсхийх, худал мэдүүлэг өгөх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан ту­шаа­лын байдлаа урвуулах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ ур­вуулах, хээл хахууль авах, албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр буруутгаж бай­гаа юм.  Энэ нь Эрүүгийн хуулийн 150.3, 166.2, 254.2, 263.2, 265.2, 268.2, 272.2 зүйл ангиудад хамаардаг аж.

Н.ХҮСЛЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж