“Гриззлис” Уоллестэй гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

“Гриззлис” Уоллестэй гэрээгээ сунгалаа

“Мемфис Гриззлис” баг ерөнхий менежер Крис Уоллестэй олон жилийн гэрээг шинээр байгууллаа. Багийн зүгээс менежертээ явуулсан саналыг Уоллес зөвшөөрсөн байна.

Драфт удахгүй болох гэж байгаа энэ мөчид ирээдүйн амжилтаа Мемфис хотын баг Крис Уоллест даатгаж байгаа нь энэ билээ. Дөрөвдүгээр сард тэд дасгалжуулагч Лионел Оллинстой гурван жилийн гэрээг үзэглэсэн юм.

Ням гаригт Уоллес хэлэхдээ “Шинээр гэрээ хүлээн авна гэдэг бол үргэлж таатай байдаг. Би болон миний гэр бүл Мемфист байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Бид энэ хотод хайртай. Тийм учраас урт удаан хугацаанд энд амьдрахыг хүсч байна. Багийн хувьд ч гэсэн өнгөрсөн жил үнэхээр хурдацтай хөгжлөө” гэжээ.

Уоллес одоо драфтын сонголтонд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд зургаан тоглогчийг сонгон авч ажиллаж байгаа билээ. “Гриззлис” энэ оны драфтаас 12, 25, 28 дахь сонголтуудыг сонгох эрхтэй.

Өмнө нь “Бостон Селтикс”-ийн менежер байсан Уоллес 2007 онд “Гриззлис”-т ирсэн. Түүнээс хойш энэ баг олон зоригтой өөрчлөлтүүдийг хийсний тод жишээ нь ах дүү Гасолын солилцоо. Аль аль багт үр дүнгээ өгч байгаа нь өнөө цагийн багуудын үзүүлж байгаа амжилтаас тод харагдаж байна.

Мөн 2008 онд О.Ж.Мэёог драфтаас авч, улмаар Квинтин Ричардсоныг Зак Рандольфоор сольж авчирсан нь бүх оддын тоглолтод багаа төлөөлөх хэмжээний тоглогчтой болсон. Харин ганц таагүй шийдвэр нь Хашим Табитийг хоёр дахь сонголтоор авсан юм. Табит өнгөрсөн улиралд 13 тоглолтод л оролцож, сүүлдээ хөгжлийн лиг рүү унасан билээ.

Гэхдээ энэ оны драфтын эхний тойргоос ямар гурван тоглогч авахаас их зүйл шалтгаалах юм. Ямартай ч Уоллесийг ирснээс хойш “Мемфис Гриззлис” багийн амжилт эрс өсч байгаа төдийгүй ирээдүйн амжилт ч боломжийн харагдаж байгаа нь дан залуу тоглогчдоос бүрдсэн бүрэлдэхүүнийг хараад хэлнэ.

Б.Ялалт
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж