БНТУ-д Монгол хэл, соёл судлалын төв байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.15-нд нийтлэгдсэн

БНТУ-д Монгол хэл, соёл судлалын төв байгуулжээ

БНТУ-ын нийслэл Анкара хот дахь Хажэтэпэ их сургуулийн Туркиат судлалын хүрээлэнд Монгол хэл, соёл судлалын төв байгуулах шийдвэрийг  гаргажээ. Тус төвийн эрхлэгчээр тус хүрээлэнгийн судлаач, доктор Бүлэнт Гүлийг томилсон байна. Тэрбээр 2001-2002 онд МУИС-ийн Түрэг хэлний тэнхимд нэг жил ажилласан, монгол хэл мэддэг судлаач аж.  Уг төв нь магистр, докторын зэрэг горилж буй оюутнуудад монгол хэл заах, монголын түүх, соёлын судалгаа хийх, Туркт монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлаач нарыг бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулах ажээ.

БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Б.Батхишиг Туркиат судалгааны хүрээлэнгийн захирал, профессор Юнус Коч тэргүүтэй эрдэмтэн, багш нарыг хүлээн авч уулзсан байна. Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа.  Энэ ойн жил Турк улсад монгол судлалын анхны төв байгуулагдах болсонд ихээхэн бэлэгшээж, баярлаж буйгаа  Элчин сайд Б.Батхишиг илэрхийлээд Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яам Монгол судлалын шинэ төвийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ Монголын зарим их сургуулийн судалгааны төв болон Олон улсын монгол судлалын холбоотой түүнийг холбож өгөхөө амлажээ.  

Хажэтэпэ их сургууль нь 40000  оюутантай Туркийн томоохон их сургуулийн нэг бөгөөд уг сургуульд энэ жил Монголын 19  оюутан суралцаж байгаа юм.

Ч.Энхжаргал

Эх сурвалж: www.urlag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж