Хуучирсан мэдээ: 2014.02.14-нд нийтлэгдсэн

Сочийн олимпийн баатрууд Уле-Эйнар Бьёрндален болон Дарья Домрачева нарын романтик харилцааны талаарх мэдээлэл цахим ертөнцөд хүчтэй тархаж эхэллээ. Хайрын энэ өдөр олимпийн хамгийн алдартай “хайрын түүх”-ээс сонирхуулъя.

Уле Эйнар Бьёрндален, Дарья Домрачева

Уле-Эйнар Бьёрндален, Дарья Домрачева

Алдартай биатлончид Уле-Эйнар Бьёрндален, Дарья Домрачева нарын дотно харилцааны талаар Италийн хэвлэл мэдээллээр шуугиж эхлэв. Хэвлэлд дурдсанаар олимпийн долоон алтан медалийн эзэн Бьёрндален 2012 оны аравдугаар сард итали эхнэр Натали Сантераас салсны шалтгаан нь Домрачева гэнэ. Беларуссийн багийнхан Австрийн Обертиллахад нэгдсэн бэлтгэлд гарсан зун Бьёрндален, Домрачева нарын харилцаа эхэлсэн бололтой. Тэр үед Бьёрндален Австрид амарч байсан гэнэ. Гэхдээ тэдний зүгээс албан ёсоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Ямартай ч тэдний хооронд романтик харилцаа үүссэн бол тэр нь хэн хэнд нь таатай тусч байгаа бололтой, хоёул Сочийн олимпиос алтан медаль хүртсэн билээ.

Алена Заварзина, Вик Вайлд

Алена Заварзина, Вик Вайлд

Сноубордын дэлхийн аварга Алена Заварзина, энэ төрлийн дэлхийн аваргын мөнгөн медальт Вик Вайлд нарын хайр дурлал 2011 оны гуравдугаар сард Москвад эхэлжээ. Дэлхийн цомын ээлжит шатны тэмцээний дараах хүлээн авалтын үеэр тэд танилцжээ. Өвдөг нь гэмтэлтэй байсан ч Алена Викийн дасгал сургуулийг  үзэхээр ирдэг байв. Хэдийгээр хэл нэвтрэлцэхэд бэрхшээлтэй ч тэдний хайр дурлалд саад болсонгүй.

“Бидний харилцаа дөнгөж эхэлж байх үед би Аленад Мексик рүү аавындаа очихыг санал болгосон юм. Тэр ч дуртайяа зөвшөөрч, Мексик яваад ирсний дараа бид гэрлэх цаг болсныг ойлгосон” хэмээн Вик хожим нь ярьжээ. Тэд 2011 оны зун Новосибирскт хуримласан байна. Вайлд 2012 онд ОХУ-ын иргэн болжээ. Хосууд Сочийн олимпод Оросыг төлөөлж, слаломын төрөлд өрсөлдөж байна.

Даниэль Венде, Майлин Хауш


Даниэль Венде, Майлин Хауш

Германы уран гулгагчид Даниэль Венде, Майлин Хауш нар 2008 оноос хойш хосуудын төрөлд гулгах болжээ. Тэд өнгөрсөн зун гэрлэж, Майлин нөхрийнхөө овгийг авсан байна. Сочийн олимпод ч хамтдаа ирсэн тэднийг олимпийн тамирчдын тосгонд нэг өрөөнд амьдрахыг зөвшөөрчээ. Энэ тохиолдлоороо тэд өвлийн олимпийн түүхэнд анхных болж байна.

Эван Лайсачек, Анастасия Люкина

Анастасия Люкина, Эван Лайсачек

Бээжингийн олимпийн өмнөхөн Ванкуверийн олимпийн уран гулгалтын  аварга Эван Лайсачек, Оросын  алдартай гимнастикч бүсгүй Анастасия Люкинатай танилцжээ. Тэд Сан-Диего хотод болсон тэмцээний үеэр танилцаж, удалгүй дотно харьцаатай болжээ. Тэд бие биенээ сайн ойлгодог, хоёулаа олимпийн алтан медалийн мөрөөдөлтэй, түүнд хүрэхэд хичнээн их зүтгэл хэрэгтэйг ойлгодог хэмээн Настя ярьсан байна.

Лайсачек хайртыгаа гимнастикийн тэмцээн дээр дэмжиж, Люкина Ванкуверт очин Эваныг алтан медальтан болохыг харжээ. Эван тэнд Евгений Плющенког ардаа орхисон байлаа.  Харин энэ удаад бэртлийн улмаас Эван Сочийн олимпийг өнжиж байна.

Ольга Фикотова, Хал Конолли

Ольга Фикотова , Хал Конолли

Хамгийн их шуугиантай хайрын түүх 1956 онд болжээ. Дэлхийн улс төр ээдрээтэй байсан цаг. Мельбурны олимпийн өмнө олон улсыг хамарсан дуулиан нэлээд гарсан юм. Харилцан итгэлцэл байхгүй тэр цагт зээрэнцэг шидэгч  чехословак эмэгтэй Ольга Фикотова, алх шидэгч америк тамирчин Хал Конолли нарын хайр  жинхэнэ гайхамшиг болж чадав.  Хайрын давалгаан дээрээ тэд Олимпийн алтан медалиудыг эх орондоо авчирсан байлаа.

Олимпийн дараа Фикотова Коноллитай гэрлэх зөвшөөрлийг удтал авч чадахгүй байв.  Тэд сүй тавьсны дараа америк эрд арай өөрөөр хандах болов. Хосууд  1957 онд гэрлэжээ.

Людмила Турищева ба Валерий Борзов

Валерий Борзов,  Людмила Турищева

Ойрын зайн гүйлтийн олимпийн хоёр удаагийн аварга Борзов олимпийн олон удаагийн аваргын алтан медальтан  Турищева нар 1976 онд алдартай гимнастикч спортын карьераа дуусгасны дараа уулзаж эхэлжээ. Людмилагийн дасгалжуулагч байсан  хүн Валерийд очоод Людмилад анхаарлаа хандуулахыг зөвлөсөн гэнэ. Маш  сайн бүсгүй, нөхөргүй гэж байгаад л Людмилаг магтжээ. Валерий ярьснаар яг тийм бүсгүй тэр мөрөөдөж байсан гэнэ.  Хосууд спортын од болсон хойноо Монреалийн олимпийн дараа гэрлэжээ.

Спортын гимнастикийн олимпийн дөрвөн удаагийн аварга, 1968, 1972, 1976  оны олимпийн аварга, 1972 онд 100, 200 метрийн ойрын зайн гүйлтэд  бүх өрсөлдөгч нараа ардаа орхисон анхны цагаан арьст тамирчин хоёрын холбоо шиг цолтой гэрлэлт тамирчдын дунд байхгүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж