Засаг дарга Д.Оросоо “Эмүүжин” эмнэлэгт ажиллав

Хуучирсан мэдээ: 2014.02.14-нд нийтлэгдсэн

Засаг дарга Д.Оросоо “Эмүүжин” эмнэлэгт ажиллав

Хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор “Эмүүжин” хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулаад хагас жилийн хугацаа өнгөрч байгаа аж.

Нийт 35 ортой тус эмнэлэгт Баянгол дүүргийн 7, 8, 13, 19 дугаар хорооны 0-15 насны хүүхдүүдийг хэвтүүлэн эмчлүүлдгээс гадна шаардлагатай хүүхдүүдэд хороо харгалзахгүй эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байна.

Өнгөрсөн онд нийт 4 хорооны 855 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Уг эмнэлэгт өнөөдөр Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо болон холбогдох албаны хүмүүс ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ үеэр тэрээр 2014 онд багтаагаад хүүхдийн хоёрдугаар эмнэлгийг барихаа онцолж, “Хүүхдийн эмнэлэг бол аль ч дүүргийн хувьд тулгамдсан асуудлын нэг. Нийслэлийн хэмжээнд сүүлийн 20-иод жилд хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад ороогүй байсан. Бид 2013 онд энэхүү хүүхдийн эмнэлгийг ашиглалтанд орууллаа. Эмүүжин хүүхдийн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанар сайн байна. Ачаалал ихтэй байгаа учраас өрөө тасалгааны хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна. Бид 2014 ондоо багтаад хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн барилгыг барих ажлыг төлөвлөгөөндөө оруулсан нь нүдээ олсон хөрөнгө оруулалтуудын нэг юм. “Эмүүжин” эмнэлэг нь хороодын иргэдийн талархлыг хүлээсэн эмнэлэг болж чадсан байна” гэж дүгнэлээ.

Харин “Эмүүжин” эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Г.Цэен ачаалал ихтэй байгаа учир эмнэлгийг өргөтгөх шаардлага байна гэдгийг сануулж “Анх дөрвөн хорооны хүүхэд хүлээн авдаг байсан бол одоо долоон хорооны иргэдэд эмчилгээ хийж, үйлчилгээгээ өргөтгөөд байна. Байр багтаамжийн хувьд дутагдалтай байгаа учраас цаашид үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр өргөжүүлэх ажлыг хийх шаардлагатай болсон” гэлээ. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зөвлөх эмч гэрээгээр авч тогтмол хугацаанд ажиллуулж, эмч нарын мэдлэг, ур чавдарыг дээшлүүлэх, хүнд өвчтөний эмчилгээ оношлогооны асуудлаар хамтран ажиллаж байгааг онцлов.

Тус эмнэлэг 2014 оны хоёрдугаар сарын 1-нээс Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Баянгол дүүргийн 20, 22, 23 дугаар хорооны 0-16 насны хүүхдүүдийг нэмж авснаар одоогоор 7 хороонд үйлчилж байгаа аж.

“Эмүүжин” эмнэлэгт хүүхдээ хэвтүүлэн эмчлүүлж буй ээж нар эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа хэлж, цаашид хүүхдийн эмнэлгийн тоог нэмэгдүүлж, өрөө тасалгааны хүртээмжийг сайжруулж өгөхийг Засаг даргаас хүслээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж