Төслүүд агуулгын хувьд ойролцоо, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа бага насны хүүхдүүдийг “Хүүхэд харах үйлчилгээ”-нд хамруулснаар 1.6-6 хүртэлх насны бүх хүүхдэд хүрэх асаргаа сувилгаа сайжран, хүүхэд бүрт хүрсэн үр дүнтэй арга хэмжээг хөгжүүлж цэцэрлэгийн өнөөгийн ачаалал буурна гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг, эхчүүд хүүхэд харах үйлчилгээг эрхэлснээр гэр бүлийн байнгын орлоготой болох бололцоо мөн бүрдэх юм.
Статистик мэдээллээр улсын хэмжээнд 2-5 насны 220.3 мянган хүүхэд байдаг ч 56 мянга орчим нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. Харин эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэхийн тулд хүүхдээ гэрт нь цоожлох, хоёр, гуравдугаар ангид орсон ах, эгч нараар нь хичээлийнх нь завсар чөлөөгөөр харуулахаас аргагүйд хүрэх тохиолдол ч бий гэнэ.
Улаанбаатар хотын хэмжээнд авч үзвэл, 45 хороо цэцэрлэггүй байна. Түүгээр ч зогсохгүй одоо ашиглагдаж байгаа 161 цэцэрлэгийн хүчин чадлын 22 хувийг ашиглах боломжгүй болж буй учраас 20 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй нөхцөл байдал үүсч буй аж.
Уг нь улсын төсөвт жил бүр цэцэрлэг барих хөрөнгийг тусгадаг ч хөрөнгийн хэмжээ хязгаартай тул өнөөгийн хүүхдийн хүчин чадлыг гүйцэхэд амаргүй, наад зах нь 20 жилийн хугацаа шаардахаар байгааг зарим улстөрч онцолж буй.
Тиймээс эл асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх гарц нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ-аар батлах нь зөв алхам болно гэх байр суурийг УИХ-ын гишүүд онцлох болсон.
УИХ-ын хаврын чуулганаар эл төслийг яаралтай шийдэж батлах ёстойг зарим нэр бүхий гишүүд хэлж байгаа. Гэхдээ УИХ-ын намрын чуулганаар, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллийг батлах байсан ч олонхи гишүүн дэмжээгүйгээс унасан тул Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслүүд уг дараалалд багтах эсэхийг ээлжит бус чуулганаар шийднэ.
Харин УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх гуравдугаар сарын 24-нд зарлаж мэдэхээр байгаа билээ. Иймд бид Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл батлагдсан нөхцөлд ямар ач холбогдолтой тухай байр суурийг хүргэж байна.
С.Ганбаатар: Цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй хүүхдүүдийн аюулгүй байдал хүнд
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Өнөө жилийн хувьд авч үзвэл 80 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй, гэртээ байна. Энэ олон мянган хүүхдүүдийн аюулгүй байдал их хүнд байгаа. Гал усны үерт орчих гээд их осолтой байдгийг та бүхэн ч мэдэж байгаа. Бидэнтэй, бидэнгүй эцэг эхчүүд хүүхдээ гэртээ орхичихоод эсвэл хүүхдээ хэн нэгэнд харуулаад явж л байгаа. Гэхдээ үүнд төрийн зохицуулалт хэрэгтэй. Энийг зүгээр хараад сууж байж болохгүй. Ээжүүд нь бас ажил хиймээр байна. Ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд бүр хэцүү байдалтай байгааг зүгээр хараад сууж болохгүй.
Цэцэрлэгт явж байгаа нэг хүүхэд улсаас дунджаар жилдээ 1.2 -1.4 сая төгрөгийн мөнгө авдаг. Цэцэрлэгт яваагүй хүүхэд яагаад энэ мөнгийг авахгүй, энэ санхүүжилтийг авахгүй хохироод байна вэ. Бүх хүүхдүүдэд эрх тэгш байх үүднээс гэртээ байгаа хүүхдүүдэд ч гэсэн ялгаагүй өгөх ёстой. Нэг хүүхдэд доод тал нь 1.2 сая төгрөгийн санхүүжилт байна гэж үзвэл Хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдсан нөхцөлд арван хүүхдийг та гэртээ харсанаар жилдээ 12 сая төгрөг авна.
Л.Эрдэнэчимэг: Төсөвт суулгаж байгаа хөрөнгөөр цэцэрлэг барихад 20 жил шаардана
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: -Монгол Улсын 2014 оны төсвийг хэлэлцэх үеэр УИХ-аас 200 гаруй обьектыг царцаасан. Царцаагдсан барилгууд дотор сургууль, цэцэрлэгийн барилга дийлэнх хувийг эзэлж байгаа. Тэр дундаа цэцэрлэгийн тухайд 2014 оны төсөвт улсын хэмжээнд нийт 35 цэцэрлэг барихаар царцаачихсан. Гэтэл 80 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Үүнийг 100 ортой хүүхдийн цэцэрлэгээр тооцож үзэхэд 800 хүүхдийн цэцэрлэг барих шаардлагатай. Гэтэл улсын төсөвт жилд 35 тэрбум төгрөгийг цэцэрлэг барихаар суулгаж байгаа нь хангамжийг гүйцэхийн тулд дахин 20 жил шаардах болж буй.
Бид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч УИХ-д орж ирэхгүй байгаа. Төсөл УИХ-д орж ирэхгүй байгаагийн гол шалтгаан нь төсөвтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн хүүхдүүдэд оногддог 116 мянган төгрөгийг бид хуулийн дагуу хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдэд олгох ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас УИХ-ын хаврын чуулганы хамгийн тэргүүнд хэлэлцэгдэх хуулийн төсөл нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл байх ёстой. Хуулийг баталчихсан нөхцөлд 2015 оны төсөвт энэ үйлчилгээнд зориулж ядаж 50 тэрбум төгрөг төсөвт суулгах шаардлага бий. Хэдийгээр хөрөнгө мөнгө шаардах хэдий ч сургуулийн өмнөх боловсролд хүүхдүүдээ эрх тэгш хамруулах хамгийн гол арга замын нэг бол хүүхэд харах үйлчилгээ гэж үзэж байгаа.
Л.Гантөмөр: 653 цэцэрлэг барихад 556 тэрбум хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: -Арван хүүхэд тутмын дөрөв нь гэртээ цоожтой хаалганы цаана хөрвийн аргаар хүн болох гэж амьдарч байна. 80 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ авч чадахгүй байна. Хүн бүрийн сурч боловсрох үндсэн эрх хэрэгжихгүй, ялгаварлалд хүүхэд өртөж байна гэсэн үг. Засгийн газар ирэх жилүүдэд цэцэрлэгийн тоо, хүчин чадлын хэмжээг эрс нэмэгдүүлж сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгийн тогтолцоог улам бэхжүүлнэ. Нийт шаардлагатай байгаа 653 цэцэрлэгийг барихад 556 тэрбум төгрөг хэрэгтэйгийн зэрэгцээ бас тодорхой хугацаа хэрэгтэй. Гэтэл сургуулийн гадна байгаа олон мянган хүүхдийг хангалттай тооны цэцэрлэг барьж дуустал хүлээж байх уу гэж асуух эрх бидэнд байхгүй. Цэцэрлэгийн хүчин чадал, хүүхдийн тоо хэрэгцээ хоорондоо их зөрүүтэй байгаа. Үүнийг шийдэх гарц нь хүүхэд харах үйлчилгээ.