Интернэт кафег хэрхэн журамлах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.02.14-нд нийтлэгдсэн

Интернэт кафег хэрхэн журамлах вэ?

Засгийн газраас өнгөрөгч оны сүүлээр гаргасан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” журам хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор интернэт кафе, PC тоглоомын газрууд хөдөлгөөнд ороод байна. Уг журмаар интернэт кафе, цахим тоглоомын газар нэг дор ажиллахыг болиулж, орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг хориглож, мөн цахим тоглоомын үйлчилгээний газрууд нь ажлын байрны дотор болон гадна орчинд камерын хяналтын систем суулгаж, 21-ээс дээш хоногийн бичлэгийг хадгалах, зуны улиралд 20, өвлийн улиралд 18 цаг хүртэл үйлчлэх, цахим тоглоомын газруудыг 12 насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэх, бичиг баримт, эд зүйлс, барьцаалан үйлчлэх, согтуурсан болон мансуурсан иргэнд үйлчлэх зэргийг нь хориглож буй юм. Энэ төрлийн бизнес эрхлэгчид цагийн хязгаарлалтыг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ илэрхийлэн суулт хүртэл зарласан. Иймд 18.00, 20.00 цагаас хойш үйлчилж болохгүй гэсэн зохицуулалтынх нь талаар онцгойлон асуусан ба “Засгийн газраас цахим тоглоомын газруудыг оройн найман цагаас хойш ажиллуулахыг хориглоно гэх шийдвэрийг зөв гэж бодож байна уу, буруу гэж бодож байна уу. Зарим хэсэг нь кибер спорт, залуусын  амралтаа соёлтойгоор өнгөрүүлэх газар гэж харж байгаа бол зарим нь донтуулдаг, хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг зүйл гэж харж байгаа” гэсэн асуултад иргэд хэрхэн хариулсныг сонирхъё.

Чингэлтэй дүүргийн иргэн Т.Мөнгөнтулга:

ХОТЫН ЗАХААР БОЛ ХЭРЭГЖИХГҮЙ БОЛОВ УУ

-Эцэг эхчүүдийн төлөөлж хэлэхэд журмын хувьд дэмжиж л байна. Гэхдээ мөрдөгдөх үү үгүй юу гэдэг дээр бол асуудалтай. Мэдээж хүүхдүүдэд хэрэгтэй журам. Төвийн дүүргүүдээр гайгүй байх харин  хотын захаар бол хэрэгжихгүй болов уу. Тамхины хууль шигээ л юм болох байх даа.

Интернэт кафены үйлчилгээ эрхлэгч Д.Ариунболд:

ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТ БОЛ УТГАГҮЙ ЗҮЙЛ

-Би өөрөө интернэт кафе ажиллуулдаг. Цагийн асуудал дээр бол оюутан залуус хичээлээ тараад орж ирээд хичээлийнхээ бие даалтыг хийх гээд мэдээлэл татдаг. Ямар төрийн албан хаагч байгаа биш дээ. Яг интернэт, РС тоглоомын  газрын оргил цаг нь 16-21.00 хооронд байдаг. Үүнийг хязгаарлах тухай асуудал бол утгагүй зүйл. Цахим тоглоомын газар орж ирээд нэг цаг тоглочихоод тэгээд хэрэгтэй мэдээллээ татаад, хичээлийн хуваариа хардаг оюутнууд олон байдаг. Оюутан гэлтгүй ажил хийдэг хүмүүст мөн адил хамаатай. Камержуулалт, насны хувьд бол асуудал байхгүй л дээ.

СБД-ийн иргэн А.Ууганбат:

12 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДҮҮД ТЭР БОЛГОН ХАРАГДААД БАЙДАГГҮЙ

-Цахим тоглоомын газруудыг 12 насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхийг хориглох юм гэсэн. Яах вэ журамтай байвал хүүхдүүд бид нарт хэрэгтэй л байх. Бид нар орой болтол тоглодоггүй, долоо хоногт ойролцоогоор 5-6 цаг pc тоглодог. Гэхдээ 12 нас хүрээгүй хүүхдүүд тэр болгон харагдаад байдаггүй шүү дээ.

МУБИС-ийн 3-р курсийн оюутан С.Батчулуун:

ХҮҮХДҮҮДЭД Л ЦАГИЙГ НЬ ХЯЗГААРЛАЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

-18 цаг 20 цаг арай эрт байна аа. Гэртээ интернэтгүй хүүхдүүд интернет кафед орж хичээлээ хийнэ. Нэгэнт л насны хязгаарыг нь зааж байгаа юм чинь 00 цаг хүртэл нээлттэй байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүмүүс юм чинь. Хүүхдүүдэд л цагыг нь хязгаарлаж өгөх хэрэгтэй. Нэг бол хүүхдэд зориулсан насанд хүрсэн гээд компьютеруудаа нас насаар нь ангилаад өгөх хэрэгтэй. Тэгээд хүүхдэд зориулсан интенэтэд садар самуунтай сайтыг нь блоклоод, алаан хядаантай тоглоомыг нь байлгадаггүй ч юм уу. Бидний ирээдүй хойчтой холбоотой асуудал учраас нарийн деталчлах хэрэгтэй гэж бодож байна. Тийм учраас эхлээд эрх зүйн орчиноо сайжруулах хэрэгтэй.

Манайд ер нь их хэцүү. Цаг хугацаа алдах ч гэсэн эхнээс нь эхлэх хэрэгтэй. Зэвэн дээр нь будаад дахиад л зэвэрнэ. Тийм учраас зэвийг нь арилгаж байгаад будах хэрэгтэй.

Дархан-Уул аймгийн иргэн Б.Оюунболд:

ЦАГИЙН ХЯЗГААР ДЭЭР САНАЛ НИЙЛЭХГҮЙ БАЙНА

-Цагийн хязгаар дээр санал нийлэхгүй байна. Насны хязгаарыг нь сайн зааж өгөөд хяналт сайн тавьж ажиллах хэрэгтэй. Хотын соёл өөрөө оройн цагаар ажиллахыг нэхнэ л дээ. 


Б.ӨЛЗИЙБАЯР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж