Аль ч банк өөрсдийн эрсдлийг хамгийн түрүүн тооцож, барьцаа хөрөнгийг хэт бага үнэлдгийг олон хүн хэлж байлаа. Түүнчлэн амласан шигээ барьцаа хөрөнгийн 70 хувь хүртэл үнэлсэн тохиолдол бараг үгүй гэнэ. Хамгийн өндөртөө л 40-50 хувиар үнэлдэг төдийгүй Засаг төрөөс олгож буй зээлд заавал барьцаа хөрөнгө шаардахгүй байж болохгүй юү гэсэн асуулт олонтаа давтагдав. Мөн төслийн зээл олгохын тулд гурван жилийн санхүүгийн эерэг үзүүлэлттэй байхыг шаардаж байгаагаас зээл эзэндээ хүрдэггүй гэдгийг хэлж байв. Дээр нэр дурдсан таван салбарт үнэн сэтгэлээсээ зүтгэж байгаа хүмүүст нь бизнесийн эерэг түүх, барьцаа хөрөнгө байдаггүйгээс хөрөнгөтэй, компанитай хүмүүст л зээл очдог нь бодит үнэн гэнэ. Тиймээс ч дээрх салбар хөгжихгүй, мэргэжлийн бус хүмүүс нь авсан зээлээ зориулалт бусаар зарцуулдаг байдлыг халъя гэвэл уян хатан шаардлага тавих учиртайг хэлж байна.
-Маш олон шат дамжлага давж байж зээл авах болоход банк зээл олгосны шимтгэлд багагүй мөнгө авчихдаг гэсэн шүүмжлэл хэлж байна. Мөн зээлийн хүүг яагаад найман хувиар тогтоосон талаар тодруулах гэсэн юм?
-Зээл олгосны шимтгэлд нэг хувийг авдаг нь үйл ажиллагааны зардалд зарцуулдаг мөнгө юм. Зээлийг судалхын тулд хөдөө гөдөө явах, барьцаа хөрөнгийг үнэлэхэд багагүй зардал гаргадаг. Түүнийг нэг хувийн шимтгэлээр нөхдөг. Зээлийн хүүгийн хувьд гэвэл Чингис бонд өөрөө гадаад зах зээлээс валютаар босгосон зээл байгаа. 5,125 хувийн хүүтэй. Тиймээс зээлийг ам.долларын найман хувийн зээлээр олгох тухай яригдаж байсныг болиулж харин ч төгрөгийн найман хувь болгосон. Энэ бол үйлдвэрлэгчдэд том боломж гэж бид харж байгаа. Өнөөдөр арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрийн зээл маш өндөр. Хадгаламжийн хүүгээс ч өндөр байдаг шүү дээ. Тэгэхээр найман хувийн зээл гэдэг бол шаардлага хангасан хүмүүст бол их дэмжлэг болно. Банкнаас нэмэгдүүлсэн 2,8 хувийн хүү бол банкинд ашиг болохоосоо илүү үйлдвэрлэгчдийг эрсдлийг нөхөөд л таардаг. Банк “субботник” хийгээд л зээл олгож байгаа.
-Яг ямар шаардлагыг үйлдвэрлэгчдэд тавьж байгаа вэ?
-Манай банк ҮХАА, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банктай дөрвөлсөн гэрээ байгуулсан. Уг гэрээнд Голомт банк шаардлагаа тодорхой зааж тохирсон. Төрийн зүгээс ч тухайн бизнесээ гурван жилийн турш амжилттай эрхэлсэн байх, тоног төхөөрөмжийн 1/3-ийг санхүүжүүлэх, эргэлтийн хөрөнгөтэй байхыг шаардаж байгаа. Ингэж гэмээнэ шинэ технологи оруулж ирэх хэмжээний боломжтой гэж үзэж байгаа. Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй төслийг сонгохоор шаардлагадаа тусгасан.
-Одоогоор зээл авсан аж ахуйн нэгж бий юү. Тэдэнд дэмжлэг үзүүлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Одоогийн байдлаар зуу орчим тэрбум төгрөгийн зээлийг үйлдвэрлэгчдэд олгочихоод байна. Зээлдэгчдийн хувьд төслөө бичихдээ үнийн судалгааг нарийвчлан гаргаагүйгээс зээл авч чадахгүйд хүрч байгааг дашрамд дуулгамаар байна. Барьцаа хөрөнгийн хөнгөлөлт үзүүлэх үүднээс Зээлийн батлан даалтын сантай хамртан ажиллаж байгаа. Бид аль болох аж ахуйн нэгжүүдэд туслахыг хичээж байгаа гэлээ.