Үндэсний эрх ашиг хаана байна?

Хуучирсан мэдээ: 2014.02.14-нд нийтлэгдсэн

Үндэсний эрх ашиг хаана байна?

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ
ҮНДЭСНИЙ ЯЗГУУР ЭРХ АШИГ ГЭЭЧ ЮМ ХААГУУР ЯВНА ВЭ?

90-ээд оны эхээр манай нэг улстөрч Тайванд айлчлахад тэндхийн нэртэй эрдэмтэн, Чан Кай Шигийн зөвлөх асан Хаганчулуу гэгч хэлсэн гэдэг. “Хүү минь Москва, Бээжин хоёр олон жил Монголын хувьд барьж ирсэн нэг бодлого байдаг. Тэр нь Монголыг хөгжүүлж болохгүй, Улаан Үүд, Хөх хотод хүрэхээргүй хэмжээнд барьж байх ёстой гэж. Тэр нь орос, хятадууд монголчуудад дургүйдээ бус, хэрвээ Монгол Улс Хонг Конг, Тайвань шиг өндөр хөгжчихвөл Монголыг тойрсон эсгий туургатан субъектүүдийн хувьд төвийн татах хүчин нь Москва, Бээжин бус, Улаанбаатар болж хувирна. Энэ нь ЗХУ, БНХАУ-ын хувьд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд шууд нөлөөлөх магадлалтай гэж үздэг. Үүнийг шинэ Монголын залуу улстөрчид та нар байнга санаж байх нь зүйтэй юм шүү” гэжээ. Аливаа улс орны үндэсний аюулгүй байдлын гол асуудал бол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал байдаг тул энэ нь ч ойлгомжтой юм.

Энэхүү хоёр том гүрнээр хүрээлүүлсэн манай орны үндэсний аюулгүй байдлын хамгийн гол асуудал нь өнөөдрийн хувьд, нэгдүгээрт, мэдээллийн аюулгүй байдал, хоёрдугаарт, эрчим хүчний аюулгүй байдал билээ. Эрчим хүчний аюулгүй байдал гэдэг нь улс орноо гаднаас хараат бус бензин шатахуунаар хангах өөрийн үйлдвэрлэлтэй болох, мөн цахилгаан эрчим хүчээр өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангасан байх шаардлага юмаа. 

Газрын тосны нөөцтэй улс орнууд нэн тэргүүнд дотооддоо газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүчин чадлыг бий болгож эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, улмаар өөрийн нөөц баялгаа ашиглаж гадаад улс төр, эдийн засгийн нөлөөллөө тогтоох бодлогоо хэрэгжүүлэх хэрэгсэл болгохыг зорьж байхад газрын тосны өөрийн нөөц, эх үүсвэргүй улс гүрнүүд ч дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, уг үйлдвэрийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор наад зах нь 3-6 сарын түүхий эдийн стратегийн нөөцийг бүрдүүлж, гадаад улс орнуудын газрын тос, байгалийн хийн ордуудад хөрөнгө хаяж өөрийн мэдлийн хувь эзэмшлийг тогтоох замаар түүхий эдийн эх үүсвэрийн аюулгүй байдлаа бэхжүүлэх бодлого явуулж байдаг билээ.

Харин манай улсын хувьд дотооддоо газрын тосны үйлдвэрлэлийн нөөц тогтоож, олборлогч орон болсноо дэлхий дахинд зарлаад эдүгээ 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Тухайн үеийн мэдээллээс харахад Тамсагийн сав газарт баталгаат зэрэглэлийн нөөц – 333 сая тн, энэхүү баталгаат нөөцөөс байгалийн горимоор олборлож болох ашиглалтын зэрэглэлийн нөөц – 36.05 сая тн, хэрэв газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх хоёрдогч, гуравдагч болон дөрөвдөгчийн аргыг хэрэглэх нөхцөлд энэхүү ашиглалтын нөөц 1,5-2 дахин нэмэгдэх боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс жилд 1-2 сая тн түүхий тосыг 30-60 жилийн хугацаанд дотооддоо олборлох боломжтой байна.

Мөн Дорноговийн сав газарт орших Цагаан элсний ордод баталгаат зэрэглэлийн 7.9 сая тн, энэхүү баталгаат нөөцөөс байгалийн горимоор ашиглаж болох ашиглалтын зэрэглэлийн нөөц 2 сая тн байгаа гэсэн мэдээлэл байдаг. Цаашид Матад-ХХ, Галба-XI болон хайгуулын бусад талбайд нөөц тогтоогдох магадлал өндөр гэнэ.

Энэ хугацаанд манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдсээр өнгөрсөн 2013 онд 1 сая тн-ыг давсан, энэ хэрэглээ цаашид улам хурдацтай өсөж ирэх 10 жилд 2-3 сая тн болноо гэдгийг энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хэлээд байна.

Ийнхүү манай улсад өөрийн эдийн засгийн аюулгүй байдлаа хангахүйц хэмжээний нөөц тогтоогдсон, түүнчлэн дотоодын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа энэ үед манай төр засгийн зүгээс ямархуу бодлого, чиглэл, санал санаачлагатай ажиллаж байна вэ?

Хэвлэл мэдээллийн эх сурвалжуудаас харахад улс орны эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа, дархлаа болох ёстой боловсруулах үйлдвэрээ хойд хөршийн эх үүсвэрт түшиглэж Дархан хотод байгуулна, харин өөрийн түүхий тосоо өмнөд хөршийн үйлдвэрт боловсруулж үндэсний брэнд бүтээгдэхүүнийг бий болголоо гэхчилэн бахархалтайгаар мэдэгдэх болсон. Энэ нь аль улсын хэний бодлого вэ?
Энэхүү мэдээллийг маш энгийн ухаанаар тунгаахад дотооддоо түүхий эдийн эх үүсвэртэй болчихоод байхад яагаад заавал гадны албан татвар, хураамж, нэмүү өртөг шингэсэн эх үүсвэрт түшиглэсэн үйлдвэрийг өөрийн түүхий эдийн эх үүсвэрүүдээс алс хол Дархан хотод байгуулах гэж, тэгсэн атлаа өөрийн бэлэн тосыг гадны үйлдвэрт боловсруулж, гадны албан татвар хураамж, ашиг орлого, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх гэж, энэ нь эдийн засгийн утгаараа ч, улс үндэсний язгуур эрх ашигт ингэж хандаж болох уу гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч ирээд байгаа юм.

Хамгийн харамсалтай нь саяхнаас асуудал хариуцсан төрийн байгууллагуудын зүгээс Тамсагаас Хятад руу дамжуулах хоолой татаж, Монголын тосыг зөөнө гэж мэдэгдэх боллоо. Энэ нь манай улсын жижиг эдийн засгийг сууриар нь савлуулж байдаг бензин шатахуунаа хэзээ ч дотоодын нөөцдөө тулгуурлаж үйлдвэрлэхгүй, харин ч хоёр хөршийн улс төрийн араншингаас мөнхөд хараат орших бодлого баримталж байгаа гэдгээ албан ёсоор баталлаа.

Ийм цаг үед манай төр засгийн эрхэм түшээд, ялангуяа асуудал хариуцсан төрийн байгууллагуудын хариуцлагатай албан тушаалтнууд улс үндэснийхээ язгуур эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах ёстой энэхүү стратегийн маш чухал үйлдвэрлэлийн объектоо хаана ямар байршилд, хэний хөрөнгөөр, ямар хүчин чадал, техник технологиор барих, уг үйлдвэрийг урт хугацаанд найдвартай хангах түүхий эдийн эх үүсвэрийн асуудлыг хэрхэн ямар байдлаар шийдэх, мөн боловсруулах үйлдвэрийг тойрсон үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах ёстой түүхий эдийн  нөөцийн агуулах, төмөр зам, авто зам, дамжуулах хоолойн болон эрчим хүчний шугам сүлжээ гэх зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтцийг цогцоор нь шийдэх, нарийн мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зэрэг амин чухал асуудлуудыг алсын хараатайгаар шийдэж байх ёстой баймаар юм.

Үндэснийхээ газрын тосоор үйлдвэр байгуулах тухай ҮАБЗ-ийн шийдвэр гарсаар байтал 80 жил хараат байсан Оросын газрын тосоор Дарханд боловсруулах үйлдвэр байгуулахаар зүтгэж байгаа Ерөнхий сайдыг юу гэж үзэх вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж