Францын тоглогчид Анелькаг хөөснийг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Францын тоглогчид Анелькаг хөөснийг эсэргүүцэж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Францын шигшээ багийн тоглогчид багийн супер од Николя Анелькаг хөөж, нутаг буцаасан шийдвэрийг эсэргүүцэн ням гаригийн бэлтгэлд гаралгүй өнжсөн байна.

Ердийн бус энэ хэрэгтэй холбоотой дэлхийн өнцөг булан бүрээс дэлхийн аваргыг сурвалжлахаар ирсэн сэтгүүлчид Францын шигшээ багийн байрлаж буй баазад хүрэлцэн ирсэн бөгөөд дасгалжуулагч Реймон Доменек тэдэнд шигшээ багийн тамирчид ямар учраас бэлтгэлд оролцохгүй байгаа талаар тайлбар хийсэн байна.
Тэрбээр “Бүх тоглогчид Францын хөлбөмбөгийн холбооноос Анелькаг нутаг буцаасан шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Хөлбөмбөгийн холбоо энэ асуудлын талаар тоглогчидтойгоо зөвшилцөлгүй, хэвлэлээр цацагдсан мэдээлэлд үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан. Ийм учраас Францын хөлбөмбөгийн спортын хамгийн дээд эрх мэдэлтнүүдийн шийдвэрийг эсэргүүцэж, бүх тоглогчид бэлтгэлд оролцохгүй байхаар шийдсэн” гэжээ.

Хэдийгээр бэлтгэл сургуулилт хийхээс татгалзсан боловч Францын тоглогчид мягмар гаригийн үдэш Өмнөд Африктай хийх хэсгийн сүүлийн тоглолтод нэр төртэй оролцохын тулд хувь хүний үүднээс бүх хүчээ дайчлан тоглохын зэрэгцээ багаараа нэгэн цул байж, амжилтын төлөө хичээнэ гэдгээ илэрхийлсэн байна.
Францчууд хэсгээсээ гарахын тулд зохион байгуулагч орны багийг зайлшгүй хожих ёстой бөгөөд дээр нь Мексик болон Уругвай нар битгий тэнцээсэй хэмээн залбирч байгаа юм. Хэрэв тус багууд тэнцсэн тохиолдолд хоёул шөвгийн 16-д өрсөлдөх эрхтэй болж, Франц нутаг буцах учиртай.

Пүрэв гаригийн үдэш Мексикийн шигшээд 2:0-ээр ялагдсан тоглолтын завсарлагааны үеэр “Челси”-гийн од Анелька шигшээ багийнхаа дасгалжуулагчтай муудалцсанаар энэ бүх дуулианы эхлэл тавигдсан юм. Дасгалжуулагч Анелькаг талбайгаас чөлөөлж, сэлгээнд суулгасан боловч энэ асуудал хэвлэлийнхний бай болж, улмаар Францын хөлбөмбөгийн холбоо бямба гаригт түүнийг нутаг буцаах шийдвэр гаргасан билээ.

Харин шигшээ багийн ахлагч Патриц Эвра энэ үеэр бялдууч зан гаргаж, Францын шигшээ багт “урвагч” байна хэмээн Анелькаг егөөдсөн юм.

Ням гаригт Францын шигшээ багийнхан Книсны хотын бэлтгэлийн талбайд хүрэлцэн ирэхэд Доменек, Эвра нар багийн аяллын автобусанд ярилцсаар үлдсэн бөгөөд удалгүй хамтдаа гарч ирчээ.

Харин шигшээ багийн тоглогчдын тухайд хөгжөөн дэмжигчидтэйгээ мэндлэх гэж талбайд гарч ирсэн гэдгээ хэлсэн бөгөөд удалгүй талбайгаас гарч, аяллын автобусандаа суусны дараа Доменек дээрх тайлбарыг хийсэн байна.

Энэхүү дуулиан шуугиантай холбоотойгоор шигшээ багийн захирал Жон-Лью Валентин ажлаа хүлээлгэн өгч буйгаа хэвлэлийнхэнд мэдэгджээ. Тэрбээр “Тоглогчид юунд ч оролцохыг хүсч байна, тэднээс өөрсдөөс нь асуусан нь дээр байх. Энэ бол байж боломгүй хэрэг. Тэд бэлтгэл хийхийг хүсэхгүй байна. Энэ бол францчууд, Францын хөлбөмбөгийн холбоо, шигшээ багийн хувьд том асуудал. Үнэхээр ичгүүртэй хэрэг. Миний хувьд лав бүх юм үүгээр төгсгөл болж байна. Би шигшээ багийг орхиж байна. Үнэхээр залхаж, дургүй хүрч байна” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж