
Хуралдаанд асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцуулсан юм. Танилцуулгад “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын анхны үүслийн анхны шав Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт тавигдаж, эдүгээ 375 жилийн ой тохиож байна. Нийслэлийн удирдлагын зүгээс нийслэлийн өдрийн үйл ажиллагааг тухайн жилд хийсэн ажлаа дүгнэх өдөр болгон тэмдэглэж байхаар болсон бөгөөд өнгөрсөн жил хот тохижилт, нийтийн тээвэр, хог хаягдал, дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг олон чиглэлээр бүтээн байгуулалтын ажлыг хийж, тодорхой үр дүнд хүрсэн. Нийслэлийн иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтийг гаргаж буй шийдвэр, бүтээн байгуулалт, бүтээлч ажилдаа тусган хэрэгжүүлж байгааг иргэд таатай хүлээн авч байна” гэдгийг онцоллоо.
2014 онд Улаанбаатар хотын 375 жил, тэгш ой тохиож байгаа тул түүхт ойг тохиолдуулан нэгдсэн зохион байгуулалтаар тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр зохион байгуулалт, тохижилт, хэвлэл мэдээлэл, соёл урлаг гэсэн 4 салбараас бүрдсэн комисс байгуулахаар төлөвлөжээ. Түүхт ойн хүрээнд хүндэтгэлийн үйл ажиллагаанаас гадна тухайн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд багачууд, залуучуудыг нийслэлийнхээ түүх, бүтээн байгуулалтаар бахархах, нийтийн соёлыг дэлгэрүүлэх хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн энэ онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хотын түүхт ойтой уялдуулан өрнүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд 2014 онд "Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жил"-ийн тэгш ой тохиож байгаа тул зохион байгуулах комисс байгуулж, төлөвлөгөө гарган ажиллах саналыг дэмжиж, зохион байгуулах комисс байгуулах тогтоолын төслийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барихаар боллоо. Тогтоолын төсөлд тус ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нарийн бичгийн даргаар нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар ажиллахаар тусгажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.