Улсын баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд урсгал засвар хийдэг нь бараг уламжлал болсон ажил. Энэ жилийн хувьд ч ялгаагүй цэнгэлдэхийн засварт багагүй мөнгө төсөвлөөд байгаа. Гэтэл даарин дээр давс гэгчээр өнгөрсөн сарын сүүлээр болсон хүчтэй салхины улмаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зарим асрын дээврийн хэсэг хуурч, нурсан байна. Тиймээс мэргэжлийн байгууллагууд цэнгэлдэхэд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой эсэх талаар шалгалт хийж, ямартай ч энэ жилийн хувьд баяр наадмаа Төв цэнгэлдэх хүрээлэнд хийж болно гэсэн дүгнэлт гаргажээ. Үүнтэй холбогдуулан, Засгийн газрын энэ сарын 9-ний хуралдаанаар баяр наадмыг зохион байгуулахад нийт 642.3 сая төгрөг зарцуулахаар болсны 30 саяыг нь Төв цэнгэлдэхийн засварын ажилд зарцуулахаар болсон байна. Баяр наадам зохион байгуулах комиссоос өгсөн даалгаврын дагуу бол засварын ажлыг зургадугаар сард багтаан гүйцэтгэх ёстой аж. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн хэсгийг 1959 онд БНХАУ-ын барилгачид барьж, ашиглалтад өгч байсан бол 1971 онд монголчууд асрын хэсгийг нь өөрсдөө барьсан юм байна.
Наадмын өдрүүдэд машины зогсоолын асуудал иргэдийг бухимдуулдаг. Энэ жилийн хувьд автомашины зогсоолыг нэмэгдүүлж, нийт дөрвөн мянган машин зогсох боломжтой талбай гаргахаар болжээ. Мөн Төв цэнгэлдэхийн гадна, дотор хэсэгт болон Хүй долоон худагт дэлгэц байрлуулан морь, сур үзэх боломж олгох гэнэ. Түүнчлэн энэ жил наадмын комиссынхон Хүй долоон худагт Ү, Г ангиллын машины зогсоол хүртэл 3.6 км зам тавихаар шийдэж, замын ажлыг үргэлжлүүлж байгаа аж. Олон компани зэрэг ажиллаж байгаа учир наадмын өмнө дуусна гэж ”Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Нямдаваа хэллээ. Иргэдийг багагүй бухимдуулдаг нийтийн бие засах газрын асуудлыг шийдвэрлэхээр Япон улсын буцалтгүй тусламжаар Төв цэнгэлдэхэд 50 био жорлон, хүй долоон худагт 30 био жорлон нэмж байрлуулахаар болжээ.
Д.ДОЛГОР