“ТӨӨРСӨН” БАЯР | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.03.08-нд нийтлэгдсэн

Мартын 8-нд эмэгтэйчүүдэд сонгуулийн саналын хуудас ба Хөдөлмөрийн хууль бэлэглэх хэрэгтэй гэж Оросын сэтгүүлч Константин Михаилов хэдхэн жилийн бичсэн санагдана. Тэр  өөрийн санааг ингэж тайлбарласан байна. “Нэгдүгээрт, энэ өдөр эмэгтэйчүүдийг зоогийн газар, театрт урьсны хэрэггүй. Тэднийг гудамжинд хөөн гаргаж гарт нь улаан туг бариулаад жагсаалд явуул. Хоёрдугаарт,  тэдэнд энэ өдрийг амралтын болгоод хэрэггүй. Эрчүүдийн адил л ажил хийж байг. Юуны төлөө тэмцэж байснаа мэдэг гэж тэдэнд цэцэгний оронд сонгуулийн саналын хуудас ба Хөдөлмөрийн хууль бэлэглэх нь зүй” гэжээ. Энэ баярыг олон улсын болгон бүх нийтээр тэмдэглүүлж байсан коммунистуудыг хуучин Зөвлөлт толгойлж байсан ба харин одоо энэ баярыг жинхэнээрээ тэмдэглэхгүй болсон нь яамай гэж тэр бичсэн байлаа. Оросын сэтгүүлчийн сэтгэсэн энэ санаа манай Монголын анхны Ерөнхийлөгч П. Очирбат гуайн толгойд арван хэдэн жилийн өмнө буугаад зарлиг гарган баярыг албан ёсоор тэмдэглэхгүйгээр шийдэж байсан билээ. Харамсалтай нь коммунист сэтгэлгээнээсээ гараагүй эрх баригчид Ерөнхийлөгчөө “инээдэм” болгоод өнгөрсөн юм.
150 гаруй жилийнхээ ойг тэмдэглэж буй Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг сурагчаас эхлэн мэднэ гэмээр. Гэтэл уг баярын түүх бартаа саад, сөргөлдөөнтэй “өөх ч биш, булчирхай ч биш” төөрсөн баяр болсон байна.
Нью-Йоркийн оёдолчид 1857 оны гуравдугаар сарын 8-нд хийсэн “хоосон кастрюлийн марш” гэдгээс уг баяр үүдэлтэй. Тэд цалин хөлсөө нэмэх, хөдөлмөрийн нөхцлийг сайжуулах, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг шаардсан ажээ. Энэ үйл явдлыг эмэгтэйчүүдийн өдөр гэх болсон байна. Үүнээс хагас зуун жилийн дараа 1908 оны хоёрдугаар сарын сүүлчийн бүтэн сайн өдөр бас л Нью-Йоркийн эмэгтэйчүүд жагслаа. Шаардлага ч нэг их өөрчлөгдсөнгүй, бас л хөдөлмөрийн нөхцөл, эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг шаардав. Цагдаагийнхан хүйтэн ус шүршиж байж жагсагчдийг хөөн тараав… Гэвч энэ нь чөлөөт Америкийн сайхан хэсгийг зогсоосонгүй. Дараагийн жилд нь жагсаал Америк даяар явагдлаа. Тэр үед Америкийн эмэгтэйчүүдийн төлөө тэмцэгч, социалист бүсгүйчүүдийн төлөөлөгч Копенгаген хотноо болох социалист эмэгтэйчүүдийн II бага хуралд орохоор иржээ.
Тэднийг тэнд олон улсын социал-демократ хөдөлгөөний идэвхтэн Клара Цеткин хүлээж байлаа. Америк бүсгүйчүүдийн эрхийнхээ төлөө тэмцлийг судалсан Клара Цеткин өөрийн шаардлагатаа дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байх өдөр сонгохыг эмэгтэйчүүдэд санал болгосон аж. Эдийн засаг, нийгмийн ба улс төрийн тэгш эрхийн төлөө тэмцлийн эв санааны нэгдлийн өдрийг тэгээд бага хурлынхан санал нэгтэйгээр баталжээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг олон оронд янз бүрийн цагт тэмдэглэж байв. Герман, Дани, Австри зэрэг Европын орнуудад анх энэ өдрийг 1911 оны гуравдугаар сарын 19-нд тэмдэглэв. Дараагийн жилд нь европ бүсгүйчүүд эрхийнхээ төлөө тавдугаар сарын 12-нд тэмцсэн байна. Зөвхөн 1914 онд л гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн өдөр анх тэмдэглэгдэв.
Орост анх 1913 оны гуравдугаар сарын 2-нд Петербургийн эмэгтэйчүүд өдрөө тэмдэглэн эмэгтэйчүүдийн санал өгөх эрх, эхийн тэтгэмж, амьдралын өндөр өртөгийн талаар лекц сонсчээ. Орос бүсгүйчүүд дараагийн баяраа 1914 оны хоёрдугаар сарын 23-нд хийсэн гэнэ. Дараа нь Орос олон хэдэн жилдээ эмэгтэйчүүдийн эсэргүүцэл шаардлагагүй байгаад 1917 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр дахин энэ баяртай учрав. Бас л Петерград хотын эмэгтэйчүүд гудамжинд гарч дайн болон хүнсний хангамж тасалдаж буйг эсэргүүцэв. Эсэргүүцлийн жагсаал ажил хаялтад шилжлээ. Ажил хаялт нь эргээд казакууд болон цагдаагийнхантай мөргөлдөөн үүсгэн гудамжны тулалдаанд хүргэв. Эцэст нь хоёрдугаар сарын 27-ны зэвсэгт бослого болсон юм. Ингээд хоёрдугаар сарын хувьсгал хийгдэж хаант засаглалд төгсгөл ирлээ. Ер нь бол “дажгүй” л баярлацгаажээ.
Социалист хувьсгал ялсан оронд эмэгтэйчүүдийн өдөр улс төрийн өнгө аясаа аажмаар алдан цуглаан жагсаал нь  гэр орон ба ажлын газрын  баярын ширээгээр солигдлоо. Тиймээс ч улс төрийн үзэл баримтлалаа сольсон хуучин Зөвлөлтийн харъяат манайх мэтийн орнуудад Мартын 8-ны баяр улс төрийн хувьсгалыг мэдэлгүйгээр тосэн түүхтэй. Гэхдээ 1990 он хүртэл энэ өдрийн гол санаа нь эмэгтэйчүүдийн эрх биш болоод эмэгтэйчүүд нь өөрсдөө баярын шалтгаан болон хувирсан хувирсан байв. Гол дүрүүдэд нь хоосон сав барьсан ажилчин эмэгтэйчүүд биш “ширээний чимэг”-тээ сюрприз, бэлэг, цэцэг бэлтгэн өглөөнөөс орой болтол харайх эрчүүд тоглох болов.
Зөвлөлт ба хараат орнууд нь  Мартын 8-ныг төрийн баяр болгож удаан хугацаанд тэмдэглэж ирлээ. НҮБ  уг баярыг Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэх Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгох тогтоолыг 1977 онд гаргасан байна. Тэр өдрөөс эхлэн энэ баярыг Ангол, Буркино-Фасо, Гвиней-Бисау, Камбож, Хятад, Конго, Лаос, Македони, Монгол, Балба, Хойд Солонгос, Уганда зэрэг орнууд төрийн баяр болгосон байна.
Зөвлөлт задарсны дараа түүний бүтцэд байсан зарим орнууд коммунист өвөөс хурдхан шиг салахаар энэ баярыг болиулжээ. Зарим нь бол өнөөг хүртэл тэмдэглэсээр л байгаа. Азербайжан, Гүрж, Казахстан, Киргиз, Молдав, Тажикистан, Туркмен, Белорусьт уг баяр Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр хэвээрээ. Узбекистан баярыг Эхийн өдөр болгожээ. Армянд Мартын 8-ныг  ч урьд өдөр нь шинээр тэмдэглэх болсон Эхийн ба гоо үзэсгэлэнгийн баяртай хамт хийж байна. Эстонид энэ өдөр төрийн баяр биш болсон ч эрчүүд нь эмэгтэйчүүдээ баярлуулсаар л байгаа гэнэ. Латви мөн адил. Харин Литва баярынхаа тоонд энэ өдрийг оруулдаг.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж