“Сочи-2014” өвлийн XXII олимпийн наадмын зургаа дахь өдөр Монголын тамирчин Ч.Отгонцэцэг олимпийн цасан замд уралдлаа. Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн сонгодог тэшилтийн 10 км-ийн зайд өрсөлдсөн тэрбээр 38 минут 43.1 минутад нийт замаа туулснаар 70 дугаарт барианд орсон байна. Энэ төрөлд нийт 75 тамирчин гараанаас гарч, өрсөлджээ.
Эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд Польшийн тамирчин Жюстина Ковальчук 28:17.8 хугацаанд барианд орж, аваргын алтан медаль хүртсэн бол Шведийн Шарлотт Калла /28:36.2/, Норвегийн Терез Юхауг /28:46.1/ нар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Манай тамирчны хувьд тэргүүлэгчээс 10 минут 25.3 секундээр хоцорч, барианд орсон байна.
Хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй Сочийг зорьсон Монголын багаас ийнхүү Ч.Отгонцэцэг өнөөдөр олимпийн талбарт уралдсан бол ОУХМ Б.Бямбадорж маргааш гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн сонгодог тэшилтийн 15 км-ийн зайд өрсөлдөнө.
С.ЦЭЛМЭГ