
Фэйсбүүк, Твиттер зэрэг нийгмийн сүлжээний сайтууд хүмүүсийн амьдралыг ихээхэн өөрчилж, онлайнаар худалдаа хийж, ном сонин унших болсноор хүмүүс хоорондоо уулзах нь улам бүр холдсоор байна. Компани, албан байгууллагууд ч нийгмийн сүлжээний энэхүү боломжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн шинэ хэрэглэгч олох, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд нийгмийн сүлжээг ашиглаж байгаа. Олон байгууллага өөрийн гэсэн нийгмийн сүлжээний хуудастай болжээ. Тэдгээрийн нэг болсон “Оюутолгой” ХХК нийгмийн сүлжээг хамгийн идэвхтэй ашигладаг бөгөөд саяхан фэйсбүүк дээр дагалдагч фэнүүдтэйгээ уулзалт хийжээ. Энэхүү уулзалтыг сар бүр зохион байгуулдаг бөгөөд сар бүрийн уулзалтын сэдэв өөр өөр ажээ. Энэ оны нэгдүгээр сард болсон уулзалтаар компанийн худалдан авалт, хангамжийн үйл ажиллагааг тайлбарласан бол түүний өмнө Оюутолгойн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн яаж хамрагдах, компанийн нийгмийн хөрөнгө оруулалтыг яаж хэрэгжүүлдэг талаар тодорхой мэдээлэл өгсөн байна. “Оюутолгой” ХХК-ийн Нийгмийн сүлжээ, мэдээллийн төвүүдийн үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Чинзориг "Бид Фэйсбүүкт 86 мянган найзтай, твиттерт 6100 гаруй дагагчтай. Олон хүн биднээс онлайнаар мэдээлэл авахыг хүсдэг. Ийм хүмүүстэй нүүр тулж уулзах ёстой гэж бид үзсэн юм. Энэ маань хэр үр дүнтэй байх бол гэж эхлээд эргэлзэж байсан. Хүмүүс компьютерийнхээ дэргэдээс босч, бидэнтэй, мөн өөр хоорондоо уулзах гэж ирэх болов уу гэж бодож байлаа. Харин дээрх арга хэмжээ санаснаас тун амжилттай болсон. Ихэнхдээ 20-иод хүн уулзалтад ирдэг. Мэдээлэл олж авдаг. Тэдний хувьд энэхүү уулзалт нь зөвхөн онлайнаар л харилцаж байсан хүмүүстэйгээ танилцах сайхан боломж олгож байна” гэж ярилаа.
Ийм уулзалтыг цаашид ч зохион байгуулах ажээ. Дараагийн ээлжит уулзалт хоёрдугаар сарын сүүлчээр Оюутолгой ХХК-ийн Улаанбаатар дахь мэдээллийн төвд “Оюутолгой олборлосон хүдрээ хэрхэн зэсийн баяжмал болгодог вэ” сэдвээр болох юм байна.
Д.ЦЭЦЭН