Засаг даргыг Германд ажиллах үеэр Ардчилсан нам хагаралдсан, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэрт хориг тавьсан, Засаг даргыг огцруулах хүртэл асуудал яригдсан. Дээрх асуудлуудад тайлбар авахаар бид Аймгийн Засаг дарга Г.Зоригттой уулзсан юм.
-Аймгийн Засаг даргыг Герман улсад томилолттой байх хойгуур Орхон аймагт нэлээд олон асуудал яригдлаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 14 дүгээр хуралдаан Засаг даргыг байхгүй хооронд хуралдаж Иргэдийн хурлын төлөөлөгч Р.Цэрэндорж “Засаг дарга цаашид ажлаа хийх эсэх” талаарх асуудлыг ярьж байсан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар баталсан журам нь Засаг даргын бүрэн эрхэд халдаж байгааг тухайн үед Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг тайлбарлаж байсан. Яг яагаад таныг эзгүй хооронд энэ асуудлыг хэлэлцэх болов. Энэ талаар та тайлбар өгнө үү?
-Хоригийн асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцсэн. “Засаг даргыг байхад энэ асуудлыг хэлэлцэнэ, байхгүй байхад нь хэлэлцэж болохгүй” гэсэн заалт байхгүй. Нөгөөтэйгүүр “Таныг байхгүй үед хэлэлцэх гэж байна. Болох уу яах вэ” гэж над уруу ярьсан. Би хариуд нь “Хамаагүй. Ажлаа хийж байгаа хүмүүс байна” гэж хариулсан. Ингээд хурал болдогоороо болсон. Гаргасан шийдвэрийн хувьд бол хурлын байгууллага ч, гүйцэтгэх засаглал ч өөрснийхөө хийх ёстой ажлыг хийж байна гэж ойлгож байгаа. Ажил хийхэд зарим нэг зарчмын зөрүүтэй асуудал гаралгүй яахав. Байх л ёстой зүйл. Үүнд эмзэглэх асуудал надад алга. Дээр хэлсэн журмын тухайд үнэхээр Засаг даргын хийх ёстой ажил руу арай илүү орсон, хуулиар олгогдсон эрхэнд халдсан зүйл бий. Иргэдийн төлөөлөгчдийн 14 дүгээр хуралдаан дээр Хууль зүйн хэлтсийн даргын тайлбарласан зүйлийг Засаг даргын байр суурь гэж ойлгож болно.
-Уг хуралдаан дээр “Хэрэв энэ журмыг Засаг дарга хүлээж авахгүй гэвэл дээд шатны байгууллагадаа огцрох хүсэлтээ илэрхийлэх боломжтой гэсэн” агуулгыг тогтоолын төсөлд оруулж өгөөч гэсэн саналыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Р.Цэрэндорж оруулж байсан. Энэ саналд төлөөлөгч нар өөр өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Энэ тал дээр таны бодлыг сонсоё?
-Энэ яахав дээ. Үүнд бас эмзэглээд байх зүйл алга байна. Төлөөлөгчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхийн дагуу үйл ажиллагаа, үйлдэл хийсэн гэж харж байгаа. Хоригийг хүлээж авсангүй гээд Засаг дарга миний бие өргөдлөө Ерөнхий сайдад өгөөд “Шалгаад өгөөч” гэсэн асуудал тавьж явахгүй. Хэн, хэн нь хийх ёстой ажлаа хийгээд л явж байна. Тийм байдалд хүрчихээр юм юу ч алга байна шүү дээ. Миний хоригийг хүлээж авсангүй. Хурал шийдвэрээ гаргасан хурлын шийдвэр хүчинтэй байна. Амьдрал өөрөө их баян шүү дээ. Тэр нь яаж хэрэгжих вэ гэдгийг амьдрал өөрөө харуулаад өгөх байх аа.
Жаргалант сумын асуудалд хэрэв буруутныг нь олох хэрэгтэй бол тэр нь би байж болно
-Мөн энэ үеэр яригдсан нэг асуудал бол Жаргалант сумын засаг даргын огцруулах шийдвэрийг тус сумын ИТХ гаргасан асуудал байсан. Бүтэн жилийн тайланг нь 92 хувьтай дүгнэчихээд Засаг даргыг огцруулах асуудал ярьсан нь Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр нилээд зөрчилтэй бөгөөд анхаарал татсан гэж хэлж болно. Өнөөдөр Жаргалант сумын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч энэ асуудлыг анхаарахгүй өнгөрч боломгүй санагдана?
-Тийм ээ. Томилолтоос ирэхэд Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг надад хүргүүлсэн байсан. Энэ шийдвэртэй танилцаад шийдвэрийг хүлээж авах боломжгүй тухайгаа албан бичиг үйлдүүлж, байр сууриа Жаргалант сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн. Мөн Жаргалант сумын Хурлын дарга, олонхийн бүлгийн дарга нартай уулзсан. Тэгээд ерөнхийдөө ойлголцолд хүрлээ гэж би ойлгосон. Жаргалант сумын хурал өөрийнхөө хийх ёстой ажлаа л хийж байгаа, сумын Засаг дарга ч өөрийнхөө үйл ажиллагааг явуулаад л өдий хүрсэн. Ажил нь сайн явж байгаа гэж би бодож, дүгнэж яваа. Тэгэхдээ хувь хүндээ байна уу, төрийн алба, удирдах албан тушаал хашиж яваагүй учраас Жаргалант сумын Засаг дарга тодорхой хэмжээгээр алдаа гаргасан байна. С.Дангаасүрэн шийдвэрүүдээ хуралтайгаа зөвшилцөж, гаргадаг байх шаардлагыг зөрчсөн байна. Мэдээж хурлын ямар нэгэн шийдвэргүйгээр үйл ажиллагаа явуулж болохгүй шүү дээ. Гэхдээ Жаргалант сумын засаг даргад ч, Иргэдийн төлөлөгчдийн хуралд ч буруу өгөхгүй. Буруутай хүмүүсийг хэрвээ ол гэвэл аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Засаг дарга бурууг хүлээх ёстой. Бид Жаргалант сумынхаа асуудлыг хаячихсан. Жаргалант сумын засаг дарга, иргэдийн хурал хоорондоо хэл амаа яаж ололцож байна, үүнд бид ерөөсөө хараа хяналт тавиагүй. Зөнд нь орхисон учраас ийм байдалд хүрчээ гэж ойлгож байгаа. Гаргасан шийдвэрийнхээ талаар хурлын дарга олонхийн бүлгийн дарга нартай уулзаж зөвлөсөн. Өглөө бүр 8 цагт хэлтсийн дарга нарыг цуглуулан шуурхай зөвлөгөөн хийж байгаа. Энэ шуурхай дээр Жаргалант сумын засаг дарга С.Дангаасүрэнг урьж захиж хэлэх зүйлүүдээ хэлсэн. Цаашид Жаргалант сумынхаа үйл ажиллагаанд хараа хяналт тавъя хэлж ярьж зөв зүгт нь залъя гэдэг зүйлийг ярьсан
-Хурлын даргын гарын үсэгтэй шаардлага ирүүлсэн. Үүнтэй танилцсан. Нэг их хууль дүрэм зөрчөөд сүйд болчихсон зүйл алга байна. Хувь хүн өөрөө байр сууриа фэйсбүүк гэдэг зүйл дээр илэрхийлж болно шүү дээ. Тэр ч байтугай ерөнхий сайд, ерөнхийлөгч нарыг ч бичдэг ш дээ. Энэ бол ардчиллын зарчим гэж ойлгож байгаа. Хууль зөрчсөн зүйл байхгүй ээ.
-Үүнийг хурлынхан маань айхтар хүлээж авсан юм шиг байгаа юм
-Дараагийн асуултаа би таныг Ардчилсан намын даргын хувьд асууя. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ардчилсан нам дотроо хуваагдчихсан байна. Ардчилсан намын дотоод эв нэгдэл алга болжээ. Эрх ашиг эрх мэдлийн төлөөх тулаан нь Жаргалант сумын засаг даргыг огцруулах саналаар илэрч байна гэх мэт олон янзаар яригдаж байна. Үнэхээр Ардчилсан намын дотоод байдал хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаад байгаа шиг ийм байдалд хүрсэн үү?
-Ардчилсан намд хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд, энэ цахим хуудсуудаар бичээд байгаа шиг ийм эвдрэл, хагарал гарчихаад сүйд болоод байгаа зүйл байхгүй гэдгийг би уншигчиддаа хандаж хариуцлагатайгаар хэлье. Хүмүүс ургуулан бодно гэдэг шиг зүйл болоод байх шиг байна. Зүй нь бол тэргүүлэгчдийн шийдвэрт хориг тавихгүй л байсан бол ямар ч асуудал тавигдахгүй байх байсан байна л даа. Энэ шийдвэрт ажил хэргийн журмаар олгогдсон эрх хөндөгдсөн байхаар нь хориг тавьсан. Үүнд нэг их сүйд болоод ажил хийхгүй гээд байгаа зүйл байхгүй. Хуулийн хүрээнд л энэ асуудлыг тавьсан. Үүнийг хурлынхан маань айхтар хүлээж авсан юм шиг байгаа юм. “Хурлаас томилоод сонгоод гаргаад ирчихсэн Засаг дарга хурлын шийдвэрийг сонсохгүй, хориг тавина гэж юу вэ” гэсэн асуудал яригдсан юм шиг байгаа юм. Тэр нь ч гэсэн байх л ёстой асуудал шүү дээ. Би өөрөө хурлын төлөөлөгч байсан бол бас тэгээд тэр дунд “Энэ нөхөр өргөдлөө өгөөд огцорно биз” гээд л “цохиж” явах байсан ч юм билүү хэн мэдлээ. Шүүмжлэх, буруутгахаасаа өмнө тэр хүний оронд өөрийгөө тавьж үз гэсэн үг байдаг. Түүнтэй адил миний оронд хүмүүс өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй байх л даа. Бүх л зүйл зүгээр байна. Ямар нэгэн хагарал тэмцэл болоод Засаг даргаа огцруулах гээд хэдэн хүн яваад байгаа тийм асуудал байхгүй. Үүнийг дахин би хариуцлагатайгаар хэлье.
Би энэ цахим хуудас энэ тэрийг нэг их орж үзээд байдаггүй л дээ. Манай гэр бүлийн хүн байнга орж “Тэнд тийм мэдээлэл тавьсан байна, энд тийм мэдээлэл гарсан байна” гэж хэлдэг. Нэг ёсондоо гэрийн маань нарийн бичиг юм уу даа. Түүнийг нь уншихад хэлсэнчлэн хагарал үнэхээр байгаа мэт харагдахаар бичсэн байна лээ. Өнөөдөр тэрэндээ хүрч хагараад байхаар тийм цаг үе биш. Өөрөөр хэлбэл, сонгууль хаяанд ирсэн цаг үе биш биз дээ. Засаг дарга, намынхаа даргын ажлыг хийгээд явж л байна. Цаашид ч хийх болно.Бүтээн байгуулалт бүр улс эх оронд хэрэгцээтэй, үлдэцтэй зүйл болж үлдээсэй
-Энэ жил нэлээд олон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөгджээ. Хөрөнгө мөнгөний хувьд ч нэлээн ахиу байгаа нь энэ ажилд нэлээд дөхөм болох байх. 8 тэрбум төгрөгийг замын санд зарцуулахаар болсон байна. Таны өрөөнд ч шинээр баригдах замуудын зураг төслийг өлгөсөн харагдана. 2014 он их бүтээн байгуулалтын жил болно гэж байна. Үүнд таны зүгээс юун дээр илүү анхаарал хандуулъя гэж бодож байна вэ?
-Энэ жил урьд өмнө нь хийгдэж байгаагүй бүтээн байгуулалтын жил болох гэж байгаа. Үүнд их бүтээн байгуулалттайгаа холбоотой хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, хийгдэх гэж байгаа ажлуудыг цаг хугацаа алдахгүй түргэн, шуурхай эхлүүлэх. Тендерийн үйл ажиллагаа, цаг хугацаан дээр л гол анхаарлаа хандуулах ёстой. Хугацаа их алдвал жилдээ амжихгүй асуудал гарна шүү дээ. Хоёрдугаарт, ажлын явцад хяналт тавина. Учир нь энэ их ажил, хөрөнгийг үрэн таран болгож болохгүй. Энэ бол маш том хариуцлага. Хяналтыг маш сайн хийх ёстой. Энэ нь аймгийн Засаг даргын тамгын газрын хэдэн хүн бүх байгууллагыг, баригдаж байгаа барилгыг хянаад байна гэсэн үг биш шүү дээ. Улс гүрнийг байгуулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг шиг энэ их бүтээн байгуулалтын жилд Эрдэнэтчүүд бид эрвийх дэрвийхээрээ хөдөлж, ард иргэд нь ч гэсэн хяналтыг тогтоож ажлын гүйцэтгэлийг чанартай хийлгэх талаар гол анхаарлаа тавих ёстой. Энэ их бүтээн байгуулалтын ажил нь эргээд ард түмэндээ, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хэрэгцээтэй, үлдэцтэй зүйл болж үлдээсэй гэж хүсч байна. Бид морин жилийн ажилдаа эрч хүчтэй, итгэлтэй орж байна
-2013 онд “Эрдэнэт” үйлдвэртэй хамтын ажиллагааны гэрээ байгуулаад ажиллаж эхэлсэн.- Энэ жил ч гэсэн хийгдэх байх “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд энэ онд ямар ажлууд хийгдэх вэ?
-Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн хамтын ажиллагаа үнэхээр шинэ шатанд гарсан. Харилцан ойлголцолын дээд цэгт хүрсэн гэж хэлэхэд болно. Бид маш ойр дотны харилцаатай. Хамтын ажиллагааны талаар бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд томоохон гэрээ зурагдсан. Үүнийхээ дагуу 2014 онд хийх ажлаа гаргасан. Хамтарсан үйлдвэрийн хөрөнгө мөнгийг шийддэг дээд том байгууллага маань Орос, Монголын хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн хурал. Энэ хурлаар бизнес төлөвлөөгөөг баталсан. Аймагтай холбоотой нэлээд томоохон асуудлуудыг тавьсан. Гэхдээ бүрэн хэмжээнд шийдэгдэж чадаагүй. Үүнийг ойлгож үзэх бас нэг талтай. “Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн хувьд байдал хүндрэх төлөвтэй байгаа. Зэсийн үнэ өнөөдөр 7 мянгын түвшинд л байна. Зөвлөлийн хурлаар шийдэгдсэн нэг асуудал нь “Хамтын ажиллагааны хүрээнд 800 сая төгрөгийн ажил бий. Аймагтайгаа өөрсдөө зохиц” гэсэн чиглэл өгсөн юм билээ. Тэгээд бид өөрийн тань ярьсан 8 тэрбум төгрөгөөс яг Уурхайчин баг дээр хийх замын шинэчлэлийн ажилд 950 сая төгрөг байгаа. Зураг төсөв нь хийгдсэн. Түүнийгээ бид хүлээлгэж өгөөд танай зөвлөлийн хурлаар 800 сая төгрөг шийдсэн. Зураг төсвийг танайд хүлээлгэж өглөө. Уурхайчин багт ихэвчлэн үйлдвэрийн ажилчин албан хаагчид амьдарч байна. Тэгэхээр “Энэ замыг л янзлаад өгөөч” гэсэн хүсэлт тавиад хүлээлгээд өгсөн. Энэ ажлыг хийчих байхаа гэж найдаж байна.Бид морин жилийн ажилдаа эрч хүчтэй, итгэлтэй орж байна. 2013 онд хийсэн ажил маань улсын хэмжээнд эхний шилдэг 5 аймгийн тоонд багтлаа. Авилгатай тэмцэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийж байгаа ажил нь улсад нэгдүгээр байрт орлоо. Энэ мэт олон ажлаараа улсад дээгүүрт орж байна. Хэлтэс агентлагууд ажлаа дүгнүүлээд улсад нэг, хоёрдугаар байранд орсоноо дуулгаж байна. Мөн боловсролыг дэмжигч засаг даргаар шалгарсан. Энэ бол Орхон аймгийн ажил үйлсийг минь дүгнэж өгсөн үзүүлэлт гэж ойлгож байгаа. Энэ долоо хоногийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр манай аймгийн Статистикийн хэлтэс ажлаа дүгнэхэд төв газрынхаа хэмжээнд нэгдүгээр байрт шалгарсан мэдээлэл хийлээ. Энэ нь бидэнд ихээхэн урам зориг өгч байна.