“Алтайн оргил” хамгийн ахмад нь
Есөн хамтлагийн хамгийн ахмад нь язгуур урлагийн “Алтайн оргил” хамтлаг. Тус хамтлагийн хөөмийч, товшуурч, шаардлага гарвал морин хуур, дунд хуур, төмөр хуураар ч тоглодог хөгжимчин Б.Зоригоотой холбогдож ярилцлаа.
-Уран бүтээл өндөр үү. Захаас нь асууж сурсаар байтал энэ есэн хамтлаг дундаас хамгийн анх байгуулагдсан нь танайх болж таарч байна. Уг нь “Эгшиглэн” ууган нь гэж бодож байлаа, тэгтэл тэднийх байгуулагдаад 20 жил болж байна гэлээ. Танайх 1993 онд гараагаа эхэлсэн гэхээр ахмад нь танайх юм гэж ойлголоо, зөв үү?
-Бараг тийм байх аа. “Алтайн оргил”-ыг манай аав байгуулсан юм. Бид уламжлуулан авч яваа хоёр дахь үеийнхэн нь.
-Танай аав хэн бэ?
-Одоо Швейцарьт циркт багшилж байгаа Батцоож гэж хүн бий. Аав ээж маань урлагийн хүмүүс. Хүүхдүүдээс нь бид гурвуул хөөмийч. Одоо хамтлагтаа ах дүү хоёул байдаг. Үндсэндээ удам, үе дамжуулан уламжлуулах оюуны өв гэх үү дээ.
-Сонирхолтой юм байна. Одоо болох гэж байгаа есөн хамтлагийн хамтарсан тоглолтод “Алтайн оргил” ямар уран бүтээлээр оролцох вэ?
-Урын санд маань чухал байр суурьтай “Ээвэн голын урсгал” болон “Цаст цагаан хархираа” гэсэн бүтээлүүдээ тоглоно. “Хархираа”-г тоглоход “Улаанбаатар” чуулгын Д.Энхгэрэл ахлагчтай бүжигчид бүжиглэх юм.
-“Ээвэн голын урсгал” тань танай брэнд бүтээл бололтой. Их гоё юм билээ. Үг хэллэг нь баруун монгол аялгатай, сонсоход яг л онгон зэрлэг байгаль санагдам өвөрмөц юм билээ.
-Тийм ээ, бид бөөгийн онгод тэнгэрийг дуудах мэтээр тоглодог.
-Жинхнээсээ дуудаж тоглож болох уу?
-Үгүй л дээ. Бөөгийн дуудлага, үг хэллэгийг ашиглах нь манай манерт тохирдог юм.
-Танайх ямар ямар хөгжмийн зэмсэгтэй вэ?
-Хоёр бөмбөр, ятга, морин хуур, дунд хуур, товшууртай.
-Анхнаасаа л ийм бүрэлдэхүүнтэй байсан уу?
-Тийм.
-Хамтарсан тоглолтод амжилт хүсье.
-Баярлалаа.
“Эгшиглэн” 17-нд эх орондоо ирнэ
-Танайхыг домогт “Эгшиглэн” хамтлаг гэвэл арай хэтрүүлсэн болох уу?
-Хувь уран бүтээлчид нийлж байгуулсан үндэсний хөгжмийн хувийн анхдагч хамтлаг л даа. Европт 20 жил тоглолоо. Тэгэхээр домогт гэх үү, юу гэж хэлэх вэ гэдгийг үзэгч, сонсогчид л мэдэх байх даа.
-Этно есөн хамтлагийн хамтарсан тоглолтод танайх оролцон уран бүтээлээ сонордуулахаар Германаас ирж байгаа юм байна. Энэ жилийн тоглолтын онцлог энэ болох нь ээ..?
-Манайх хамтарсан тоглолтод анх удаа оролцох гэж байна. Их сайхан санагдаж байгаа. Со гавьяатын урилгаар, МИАТ-ын дэмжлэгээр манайхан бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж тоглох гэж байна.
-Одоогийн байдлаар та ганцаараа Монголд байгаа юм уу?
-В.Батболд маань байгаа. Морин хуурч Ж.Төмөрсайхан, хөөмийч Б.Амартүвшин, их хуурч Ц.Ууганбаатар, ёочин хөгжимчин Ц.Сарангэрэл нар маань 17-нд эх орондоо ирнэ.
-Хамтлагууд хоёр хоёр л номер тоглох юм байна. Холоос ирж байгаа танай хамтлагт илүү боломж олгох болов уу?
-За даа, бараг адилхан байх аа. Эрх тэгш байхаар зохион байгуулж байгаа байх л даа. Бид “Цэцэгтэй хар май”, “Хүннү” гэсэн хоёр дээж номероо тоглохоо мэдэгдсэн. Ардын дуу хөгжмийн уламжлалт арга техникээр тоглоно. Анхнаасаа Европт ингэж тоглосоор ирсэн. Энэ хэв маягтаа үнэнч. Олон жилийн дараа Монголынхоо үзэгчдийн өмнө гарах гэж байгаадаа сэтгэл хөдлөөд байгаа шүү.
Байгуулагдсан он дарааллаар нь аваад үзвэл “Тэнгэр аялгуу” удаалж байна. СУИС-ийн багш нараас бүрдсэн тус хамтлаг өдгөө 17 дахь жилдээ монгол үндэсний хөгжмөө эгшиглүүлж, үзэгч олныхоо сонорыг мялааж байна. Тэд ёочин, лимбэ, эвэр бүрээ, морин хуур, их хуур гэсэн зэмсгүүдийн хөг нийлсэн хоршлоор үнэхээр тансаг дуугаралтыг үзэгчдийн сэтгэлд хоногшуулдаг. Хөгжимчин тус бүр Монголын шилдэг гоцлол хөгжимчид, улсын уралдаануудад тэргүүн болон дээ байр эзэлж ирсэн шилдгүүд. Мөн тэд олон шавьтай. Хамтлагаараа гадаадын олон оронд тоглолтоо хийсэн. Есөн хамтлагийн хамтарсан энэ удаагийн тоглолтод тэд өрнийн сонгодог зохиолуудыг орчин үеийн маягийн болгож тоглосон попури болон төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Манан” бүтээлийг үзэгч түмэнд өргөн барих ажээ.
“Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаттай ярилцсан юм.
-Танай хамтлаг бусдаас ялгарах ямар уран бүтээл сонсгох гэж байна вэ?
-Бид бусад этно хамтлагуудаас фолк рок стилиэр ялгардаг. Тэр л чиглэлийнхээ дагуу хоёр бүтээл тоглоно.
-Ямар гэдгийг хэлж болох уу. Үзэгчид бас мэдээлэлтэй, бэлтгэлтэй ирэх нь зүйтэй болов уу?
-Энэ тоглолтод зориулж “Хүйтэн хавцал”, “Сархад” гэсэн хоёр зохиол гаргасан.
-Гаргасан гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Шинээр хийсэн, зохиосон.
-Танай хамтлагийн дуунууд ихэнхдээ та бүхний өөрсдийн бүтээл байдаг уу?
-Тийм. Байгуулагдсанаасаа хойш тоглосон бүх зохиол бүтээлийнхээ 90 хувийг бид өөрсдөө зохиосон.
-Та нарын гараас зохиол хэр хурдан гардаг вэ?
-Ер нь их удахгүй дээ. Нэг тойроод суусан байхад болчихно.
-“Сархад” бүтээлдээ архийг сайлсан юм уу, муулсан юм уу?
-Аль аль талаас нь л харсан.
-“Хүйтэн хавцал” гэж ёстой л рок бүтээлийн нэр санагдаж байна. Энэ лав хит болох байх аа?
-Магадгүй ээ.
Ардын урлагийн “Домог” хамтлагийнхан энэ удаагийн тоглолтод үзэгчдийн мэддэг, олны ташаал хүртсэн бүтээлүүдээ “сойх” аж. Өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн “Би монгол хүн” болон Өвөр Монголын алдарт морин хуурч Чи Булагийн зохиол “Түмэн агтын төвөргөөн”-өө дахин нэг сонсгох нь ээ. “Домог”-ийнхон эдгээр бүтээлээрээ Австрид болсон Олон улсын язгуур урлагийн уралдаанд Гран при хүртэж, Болгарт болсон Язгуур урлагийн Олимпоос дэлхийн үнэмлэхүй аварга цол хүртсэннийг уншигчид санаж буй биз ээ.
Анирлангуй хөгжим буюу этник баллад чиглэлээр уран бүтээл туурвидаг “Хөсөгтөн” хамтлагийнхан саяхнаас ҮДБЭЧ-аас өрх тусгаарлажээ. Цохивор хөгжимчин Батцэцэг охиноор бүл нэмж долуул болсон тэд уран бүтээлийн даллага авсан мэт завгүй ажиллаж байгаа аж. Есөн хамтлагийн хамтарсан тоглолтод оролцмогцоо Хонгконгийг зорино. Тэнд Азийн хэд хэдэн оронд хийх тоглолтын салхиа тэнд хагалах юм билээ. Эдний тоглодог хөгжмийн зохиол бүтээлүүдийн олонхыг хамтлагийн ахлагч Д.Ариунболд зохиодог. Энэ удаагийн хамтарсан тоглолтод тэд хөгжмийн зохиолч ахлагчийнхаа “Их хөсөгтөн”, “Монгол” гэсэн шинэ номерууд тоглож үзэгчдийн үнэлгээг хүлээх ажээ. “Хөсөгтөн” хамтлаг олон улсын нэр хүндтэй тайзнаа хэдэнтээ тоглож Монгол Улсынхаа, монгол үндэстнийхээ нэрийг мандуулж байсан. 2012 онд л гэхэд Английн хатан хааны “Роял” театрт тоглож танхим дүүрэн үзэгчийг нам жим болгон алмайруулж байсныг дэлхийн олон сая үзэгч харсан.
Этно жааз “Арга билэг” хамтлаг этно хамтлагуудын хамтарсан тоглолтод анхнаас нь оролцож уран бүтээлээ сонордуулж ирсэн. Жааз үнэртсэн хөнгөн хэмнэлтэй зохиол бүтээлүүдээрээ үзэгчдийн, тэр дундаа залуусын сонирхлыг ихэд татдаг энэ хамтлагийн бүрэлдэхүүн тун ч хүчирхэг. Үндсэндээ Морин хуурын чуулгын хөгжимчид нэгдсэн. Жааз төгөлдөр хуурч Т.Пүрэвсүхийн зохиож найруулсан бүтээл урын санд нь зонхилдгоор онцлог. Морин хуурч Н.Жигжиддорж, ятгачин О.Мөнхтогтох гээд өнөө цагийн нэртэй хөгжимчид тус хамтлагт багтдаг билээ. Ахлагч нь цохивор хөгжимчин Г.Гантулга. Эдүгээ есөн хамтлагийн тоглолтод тэд Т.Пүрэвсүхийн найруулсан “Бадарчин”, “Талын таван толгой” гэсэн хоёр шинэ бүтээлээр оролцох гэж байна. Сонирхуулахад “Талын таван толгой” ардын дууг уртын дууч Д.Энхбаатар дуулж, “Арга билэг” хамтлаг хөгжимдөнө. Үүн шиг тансаг юм гэж хаа байх билээ.
“Жонон” хамтлагийн ахлагч, бөмбөрчин Д.Мөнх-Оргилтой ярилцсан юм.
-Танай хамтлагийн онцлог юу вэ?
-Ардын хөгжмийн хамтлаг ч гэлээ аль болох энгийн, залуулаг байхыг эрмэлздэг. Тэгж байж ардын хөгжим, урлагт залуусыг татна гэж боддог. Дээл, үндэсний хувцас өмсдөггүй. Жирийн залуусын стилиэр хувцаслаж орчин үеийн дуунуудыг ч дуулдаг.
-Хамтарсан тоглолтод ямар уран бүтээлээр оролцох гэж байна?
-Жил бүр адилхан өнгө аястай бүтээлээр оролцоод яах вэ гэж бодоод шинэ юм хийсэн. “Битлз” хамтлагийн дуунуудыг найруулсна анх удаа тоглох гэж байна.
-“Жонон” хамтлаг ямар ямар зэмсгүүдтэй вэ?
-Бөмбөр, басс гитар, ятга, ёочин, лимбэ, гурван морин хууртай.
-Сонин бүтэц, бүрэлдэхүүн байна шүү…
-Тийм болохоор бусад хамтлагаас дуугаралт, өнгө аясаар өөр гэж боддог.
Байгуулагдаад удаагүй “Их Монгол” хамтлагийн ахлагч, их хуурч, хөөмийч Б.Эрхэмбаяртай холбогдож товч ярилцсан юм.
-Танайх уран бүтээлийн чиглэлээ монгол ориенталь гэж тодорхойлсон байх юм. Үүнийг юу гэж ойлгох вэ?
-Дэлхийн хөгжмийн урсгал, чиг хандлагыг судалж байж энэ хэв маягаар уран бүтээлээ туурвихаар болсон. Монгол ориенталь гэдгийг Ази, Дорно дахины хөгжим гэж ойлговол болно.
-Танайх 2012 онд байгуулагдсан юм байна. Уран бүтээлийн урын сан хэр баяжиж байна вэ?
-Дажгүй ээ.
-Бүгдээрээ “Улаанбаатар” чуулгын хөгжимчид гэсэн үү?
-Тийм ээ.
-Энэ удаагийн этно хамтлагуудын нэгдсэн тоглолтод ямар уран бүтээлээр оролцох гэж байна?
-Манай хамтлагийнхны бүтээл “Алтан тал”, “Ачлал” гэсэн зохиолууд тоглоно.
-Этно хамтлагуудын отгон баг танай хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Монгол үндэстний дуу хуур, хөгжмийн тансгийг дэлхийд мэдрүүлэх алсын алтан шар зам тань өлзийтэй байх болтугай…
-Баярлалаа.