Бөөсний түүх болоод боловсролын шинэчлэл

Хуучирсан мэдээ: 2014.02.13-нд нийтлэгдсэн

Бөөсний түүх болоод боловсролын шинэчлэл

Бөөсний тухай ганцхан хичээл уншсан оюутан бүхнийг бөөстэй холбон тайлбарладаг онигоог хэн хүнгүй мэднэ. Удахгүй бүх хичээлийг уран зохиолтой уялдуулаад явчих талаар уран зохиолын хичээлийг хасах тухай өгсөн мэдээллээ залруулах гэхдээ БШУЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр мэдэгдлээ. Ер нь их төвөгтэй мэдээлэл хийдэг хүн бололтой юм. Хаах тухай яриаг сонсоод бухимдсаны хариуд уран зохиолын хичээлийг бүхий л шинжлэх ухаантай холбож тултал нь заахаар болсноо дуулгасан нь математикаас эхлээд физик, хими, биеийн тамирын багш нарыг шоконд оруулаад амжлаа. “Сургалтын хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хасна гэж байхгүй. Монгол хэл, уран зохиолын хичээл бол аливаа хичээлийн суурь байх ёстой. Тийм ч үүднээс уран зохиолын хичээлийг бусад хичээлтэй уялдуулна гэсэн болохоос хасна гэж яриагүй. Уран зохиолын хичээлийн цагийг харин ч нэмэх бодлого барина” гэж боловсролын стратегич хэллээ. Тэгэхээр Биеийн тамирын багш хичээлээ заахдаа Д.Нацагдоржийн шүлгээс,

-Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний дотроос чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан…
гээд л /нэг, хоёр, гурав дөрөв гэдгийнхээ оронд/ дасгалаа хийж эхлэх нь дээ. Харин дараагийн цагт газар зүйн багш,

-Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд
Орсон буурийн шvд өвөл хангинах хоолойд
Yлэг гvрвэлийн мөрийг өдий хvртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө гэсээр
гарч одох бол Физикийн багш үргэлжлүүлээд,

-Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
гэж эхлүүлэнгээ цааш үргэлжлүүлж,

-Холхи газраас гялалзан харагдагч өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо
Нарт ертөнцийн дотор суугаа Марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв?
Алтан сайхан биен дээр чинь ямар хүн, эрдэнэ оршном?
Уул, ус, цэцэг, мод чинь юугаар бүтсэн бэ?…
гээд л уянгалуулсаар гарах нь. Дөрөвдүгээр цаг дээр орж ирсэн математикийн багш дуу хөгжмийн багшийн ажлыг булааж,

-Манай багш тоо заасан
Маш сайн сураарай гэсэн
Хоёр хоёрын дөрөв дөө
Нэгийг хасаад гурав даа
Хоёр гурвын зургаа даа
Нэгийг нэмээд долоо доо…
гэж математик биш дуу заагаад үймэрсээр гаран одно. Гарахаасаа өмнө даалгавар өгнө. Ингэхдээ фэйсбүүкчдийн хэлээд байгаа шигээр,

1. “Цэрмаагийн турсан, Дагдангийн эхнэрийн таргалсан хоёр яг тэнцэнэ” энэ киноны зохиолыг уншаад Цэрмаа хэдэн кг-аар турсан, Дагдангийн эхнэр хэдэн кг-аар таргалсныг бодож олно уу?

2, “Учиртай гурван толгой” зохиолыг уншаад тэдгээрийн гипотенузыг ол.

3, “Хоёр цагаан юм”-ны физик шинжийг тодорхойл.

4, “Боржигоны бор тал”-ын талбайг ол гэх мэтээр даалгавар өгчихнө дөө.

Б.Лхагвасүрэн гуайн чих ихээ хангинах нь тодорхой.

Араас нь түүхийн багш орж ирээд “Цогтын хадны бичээс”-ийг унзад хоолойгоор уншина.

Иргэний боловсролын талаар Р.Чойномын шүлгээс иш татах багш эхлээд номыг нь авах хэрэгтэй болно. Компьютерийн хичээл орох багш Тангадийн Галсан гуайгаар шинэ шүлэг зохиолгох хэрэг гарна. Эсвэл техникийн дэвшилийг тусгасан бүтээлийг олохоор гутлынхаа улыг ханзартал явах хэрэг гарна. 

Ийм л байдлаар хойч үеэ уран зохиолын амтанд умбуулах юм байх. Стратегич Б.Насанбаяр "“Миний нутаг” гэдэг шүлгийг Монгол хэл, Уран зохиолын хичээл дээр үзлээ гэхэд энэ шүлгийнхээ агуулгыг Математик болон Технологийн хичээл дээр яаж ашиглах тухай л ярьсан юм. Хүүхдүүд математикийн хичээл дээр бодлого зохиож болж байна. Технологийн хичээл дээр тухайн шүлгийнхээ утга агуулгаар өөрөө өөрийнхөө бүтээлийг хийж болно”. Яг ингэж хэлсэн юм.

Харин хэрхэн бусад хичээлийн агуулгад нийцүүлэх тухайгаа “Бусад хичээлийн агуулгад шингээнэ гэдэг нь эхний улиралд “Миний нутаг” гэх шүлгийг уран зохиолын хичээл дээр үзсэн байя гэж бодъё. Тэгвэл бусад хичээл дээр газар нутаг, бусад зүйлтэй холбоотой мэдээллээр баяжуулна гэсэн үг” гээд байгаа. Ингэж л баллах нь дээ. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр уран зохиолын хичээлийн цаг бага байна гэхээр хасах гээд, түүнийг нь эсэргүүцэхээр бүх хичээлтэй хольж бантан болгох гээд байдаг нь хачирхалтай. Хэдэн жилийн өмнө ажлын маань хоолны газрынхан долоо хоногийн зөвхөн баасан гаригт пирошки хийдэг байлаа. Харин манайхан танайх эхний өдрүүдийнхээ хоолны хаягдлыг цуглуулж байгаад хийдэг юм уу гэж их л сэжиглэнэ. Хариуд хоолны газрын бондгор эгчийн нүүр жигтэйхэн улайдагсан.

Эцэстээ бөөсний онигоо шиг болсон болоогүй, мэддэг, мэддэггүй бөөн уран зохиолчидтой болох юм байх. “Санаачилгатай тэнэг шиг аюултай зүйл үгүй” гэж энэ төрийн албанд урагшгүй ухаантнууд яасан ч олон юм бэ, чааваас…

Эцэст нь стратегичдад Б.Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөгөө” пост панк шүлгийг зориулъя.  

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж