Ш.Түвдэндорж ажлаа тайлагнав

Хуучирсан мэдээ: 2014.02.13-нд нийтлэгдсэн

Ш.Түвдэндорж ажлаа тайлагнав

 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2013 оны жилийн ажлын үзүүлэлтээрээ бусад Байнгын хороодоо тэргүүлсэн амжилттай ажиллалаа хэмээн тус Байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Лүндээжанцан нар оролцсон юм. Хууль зүйн байнгын хороо 2013 оны хавар, намрын ээлжит чуулганы хугацаанд 39 удаа хуралдаж, 176 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 15 тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаануудаас гарсан 60 санал, дүгнэлт, 13 танилцуулга, зарчмын зөрүүтэй 252 саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Байнгын хорооны тогтоолоор 12 ажлын хэсэг байгуулагдан 84 удаа хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх үүрэгтэйгээр ажиллажээ.

Тайлант хугацаанд иргэдээс ирүүлсэн 25 өргөдөл, гомдол болон байгууллага, аж ахуйн нэгжийн 134 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн байна.

 Байнгын хороо анхдагч болон шинэчилсэн найруулсан 9 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 89 хууль, хүчингүй болсонд тооцох тухай 8 хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Улсын Их Хурлын тогтоол 12-ыг тус тус хэлэлцэн шийдвэрлэж, батлуулжээ.

Түүнчлэн Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс хамтран “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл”-ийн хэлэлцүүлэг, Хууль зүйн яам, Хууль сахиулахын их сургуультай хамтран “Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын хэрэгжилт, чиг хандлага” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран “Хохирогч хамгаалал, хуулийн шинэчлэл” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг тус тус зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг өргөнөөр оролцуулж саналыг нь авч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байна.

Байнгын хорооны 2013 оны 15 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгүүд Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Нийслэлийн цагдаагийн газар, Дотоодын цэрэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийнхэнтэй уулзаж, санал бодлоо солилцож ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар сонсож, холбогдох газарт хуралдааны тэмдэглэлээр үүрэг, даалгавар өгчээ.

 Хууль зүйн байнгын хороо 2014 оны хаврын чуулганаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдээд байгаа Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Галт зэвсгийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөн ажлын хэсгийг байгуулжээ. Засгийн газраас өргөн мэдүүлэхээр боловсруулагдаж байгаа Гэмт хэргийн тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Зөрчлийн тухай, Хуулийн тухай хуулийн төслүүд мөн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид шинээр батлагдсан Цагдаагийн албан тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар тодруулж байлаа. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, ажил нь өдөр, цаг, минутаар хэмжигдэж байдаг цагдаагийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй хэмээгээд энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд бүтэц, зохион байгуулалтыг хуулийн дагуу явуулах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтээ Засгийн газар, холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Нийслэлийн цагдаагийн газар, Дотоодын цэрэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийнхэнтэй уулзаж, санал бодлоо солилцоод гаргасан санал, дүгнэлтдээ хуулийн нэр томьёо, хуулийн хэрэгжилттэй холбоотой үл ойлголцол гарсныг нэг мөр болгох талаар дурдсан юм байна. Түүнчлэн зарим албан хаагчдын нийгмийн хангамжийг хэвээр үлдээх тухай тусгасан аж. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд хуулийн нэр томьёотой холбоотой ойлголцлын зөрүүг нэг мөр болгох, цагдаагийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын нийгмийн баталгааг дордуулахгүй байх, бүтэц зохион байгуулалтын явцад гэмт хэрэгтэй тэмцэх ажилд завсар гаргахгүй байх зэрэг үүргийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн гэсэн мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Лүндээжанцан нар хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж