“50 саяын уналт” нэвтрүүлгийн шинэ азтанууд хэн байв?

Хуучирсан мэдээ: 2014.02.13-нд нийтлэгдсэн

“50 саяын уналт” нэвтрүүлгийн шинэ азтанууд хэн байв?

Монголын үндэсний “Боловсрол суваг” телевиз манай улсын телевиз салбарын түүхэнд хамгийн өндөр шагналын сантай “50 саяын уналт” нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ бэлтгэн хүргэж байгаа билээ. 2014 оны шинэ улирлын дугаар энэ хоёрдугаар сараас эхлэн үзэгчдийн болж эхэлсэн бөгөөд шинэ бүхэнтэй зэрэгцэн шилдэг оролцогчид ч шалгарчээ.

Нэг сая төгрөгийн эзэд болсон Б.Манлайбаатар, Э.Санчир-Од нар багаасаа үерхэж нөхөрлөсөн учраас энэ удаад нэг баг болж хамтарч ажиллаж чадсан байна. Ингээд нэвтрүүлгийн оролцогч Б.Манлайбаатартай хэдэн хором ярилцлаа.

-Сайн байна уу. “50 саяын уналт” нэвтрүүлэгт оролцоод ялагч болсонд баяр хүргэе.

-Баярлалаа. “Боловсрол суваг” телевизийн хамт олонд ч гэсэн баярлалаа гэж хэлмээр байна.

-Нэвтрүүлэгт орох санааг хэн гаргасан бэ. Яагаад энэ нэвтрүүлэгт орох болсон юм бэ?

-Нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ гэхээр нь найзтайгаа ярилцаж байгаад оръё гэж шийдсэн.

-Асуултууд хэр байв? Манлайбаатар нэлээд сандарсан юм шиг харагдсан.

-Уг нь сандраагүй дээ. Их чөлөөтэй байсан. Эхний бас сүүлийн асуултууд их амархан байсан. Харин дундах асуултууд нэлээн чанга байсан шүү.

-Хожлын мөнгөө юунд зарцуулах вэ?

-Их мөнгө хожвол гадаад руу аялах бодолтой байсан боловч одоо даанч чадахгүй юм шиг байна. Энэ хожлын мөнгөөрөө гэр бүл, найз нөхдөө баярлуулаад  дуусах байх даа.

Тэдний хамгийн эхний асуулт нь Сөүлийн гудамж, Төв зам, Саппорогийн уулзвар, Сансарын тунель гэсэн бидний нэрлэж заншсан газруудын аль нь албан ёсны нэршил гэдгийг олох байсан юм. Мэдээж зөв хариулт бол Сөүлийн гудамж гэдгийг оролцогчид маань төвөггүй мэдэж, 50 сая төгрөгөө авч үлдэж чадсан.

Харин снукер биллиардны хар, ногоон, хөх, шар шааригнуудын аль нь бага оноотойг олох асуултад нэлээдгүй мөнгийг ногоон өнгөнд алдсан юм.

Тэдний дараагийн асуулт спортын хувцасаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг “Найк” нэгтгэл Грекийн юуны охин тэнгэрийн нэрээр нэрлэгдсэн вэ?  гэсэн асуулт байлаа. Спорт, ялалт, гоо сайхан, эрч хүч гэсэн хариултад нэлээдгүй эргэлзсэн ч ялалт гэдгийг зөв тааж чадсан юм.

Хүүхэд бүр шимтэн үздэг байсан “Мэлхий нинжа” цувралыг мэдэхгүй, сонсоогүй хүн ховор биз ээ. Харин манай дөрвөн нинжаны хэн нь яагаан өнгийн баг, саваа модон зэвсэгтэй байдгийг та санаж байна уу? Энэ хэцүүхэн асуултад тэд мөн л амжилттай хариулж, гэхдээ дөрвөн сая төгрөгөө авч үлдэж чадсан юм. Сэргэн мандалтын үеийн урлаг, уран зургийн дөрвөн өндөрлөгийн нэрээр нэрлэгдсэн Донателло, Микеланжело, Леонардо, Рафаэль нарын хэн нь саваатай гэдгийг та ч гэсэн санах гээд нэг үзээрэй.

Тэгвэл 5-р асуулт автомашин сонирхогчдын талархлыг хүлээсэн “Дакар Ралли” өмнө нь хаанаас хаа хүртэл уралддаг байсан бэ? гэсэн асуулт байсан юм. Оролцогчид маань Дакар гэдэг Сенегал улсын нийслэл гэдгийг хараахан мэдэхгүй байсан ч мөнгөө хувааснаар амжилттай хоёр сая төгрөгтэй үлдэж чадсан. Одоо Өмнөд Америкт зохиогдох болсон энэ уралдаан өмнө нь Францаас Сенегал гэсэн чиглэлд өрнөдөг байжээ.

Энэ жил манай улс 3 сая дахь иргэнээ өлгийдөн авна. Оролцогчдын дараагийн асуулт энэ сэдэвтэй тун ойролцоо байсан юм. Монгол улс 2 сая дахь иргэнээ 1988 онд өлгийдөн авч байсан бол харин 1 сая дахь иргэн хэдэн онд төрснийг мэдэх үү? Зөв хариулт бол 1962 он. Оролцогчид маань энэ асуултад нэлээдгүй логик сэтгэлгээгээ ашиглажээ.

50 сая төгрөг гэдэг бол их мөнгө. Энэ их мөнгөний төлөө тоглох мэдээж хүнд, хэцүү байж таарна. Б.Манлайбаатар, Э.Санчир-Од нарын 7-р асуулт 1925 онд гүйлгээнд нэвтэрсэн нэг төгрөгийн зоосны жин байсан юм. Тэд ч азтай байсан шүү. Тухайн үеийн нэг төгрөгийн зоос 18 гр байжээ.

8-р асуулт бол шийдвэрлэх үе. Тэд энэ үед аливаа зүйлийг сайн анзаардаг гэдгээ харуулсан. Манай улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн хацар дээрх мэнгэ аль талдаа байдгийг тэд анзааарсан учраас нэг саяын төгрөгийн эзэд болж чадлаа.

Ийнхүү шилдэг оролцогчидтойгоор “50 саяын уналт” нэвтрүүлгийн шинэ улирлын дугаар үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Эхний оролцогчид булган сүүлтэй байж, цаашид ч олон шилдэг оролцогчид төрөхийг ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж