Хойд хөршийн Сочи хотноо өвлийн XXII дахь олимп болж байна. Үүнтэй холбогдуулан “Олимпийн наадмыг хувийн телевиз дамжуулж байхад хувьсгалынх нь таг” гэсэн нийтлэл “Өдрийн сонин” сонинд нийтлэгдлээ. Бид энэ талаар МҮОНРТ-ийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-“Олимпийн наадмыг хувийн телевиз дамжуулж байхад хувьсгалынх нь таг” гэх мэдээлэл тарж байна. Энэ талаар …?
-Өчигдрийн “Өдрийн сонин”-д Сочи 2014 олимпийн дамжуулалттай холбоотой манай телевиз рүү илтээр дайрсан материал нийтлэгджээ. Иймэрхүү хандлага гарах байх гэсэн таамаглал бидэнд байсан. Тэгэхээр энд тайлбар хийх хэрэгтэй юм.
Олимпийн наадам дэлхийн улс болгон хүн бүрт хүртээлтэй маш сайхан үйл явдал. Тэр ч утгаараа манай улс үндэсний ганц телевиз байх үеэсээ л олимпийн наадам, тив дэлхийн спортын томоохон тоглолтыг үзэгч түмэндээ цаг үеийн, техник технологийн нөхцөл байдалдаа тохируулан хүргэсээр ирсэн.
2012 оны Лондонгийн олимпоос хойш Олон улсын олимпийн хороо олимпийн дамжуулалт дээр тендер зарласнаараль хүчтэй, мөнгөтэйкомпаниуд олимпийг дамжуулах эрхийг худалдаж авсан юм. Жишээ нь, Хойд Америк тивдганцхан NBC телевиз, Европ тивдарилжааны нэг компани, Төв Ази, Зүүн Өмнөд Азийн 20 гаруй орны эрхийг Японы “Денцү” гэдэг компани худалдаж авсан. Энэ 20 гаруй улс дотор Монгол улс багтаж байгаа юм.
Ер нь дэлхий дахинд спортын уралдаан тэмцээн, наадам нь хамгийн үнэтэй бизнес болоод байна. Товчхон тоо баримт дурьдахад, Сочигийн олимп, 2016 оны Риогийн олимпийг дамжуулах эрхийг ОХУ 3.2 тэрбум рублиэр, АНУ газар нутгаараа дамжуулах эрхийг хоёр тэрбум доллараар, Итали 219 сая доллар, Герман 187 сая доллараар худалдаж авсан байна. Энэ орнууд бол өндөр хөгжилтэй, баян, хүн ам ихтэй газрууд учраас энэ их мөнгийг төлөх боломжтойнь мэдээж.
МҮОНРТ нь ТВ 5 телевизийн адил Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ -ны бүрэн эрхэт гишүүн юм. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг өөр 11 телевиз, байгууллага тус холбооны гишүүнчлэлтэй. 1989 оноос хойш бид Олимп, тив дэлхийн томоохон наадам уралдаан тэмжээнийг дамжуулах эрхийг тус холбоогоороо дамжуулан авч байгаа юм. Энэ удаад ч мөн ABU нь Японы Дэнцү компаниас өөрийн гишүүн орнуудын эрхийг худалдан авах ажлыг хөөцөлдөж удаа дараа уулзалт хуралдааныг зохион байгуулснаар эцсийн мөчид тохиролцоонд хүрэн авч чадсан. Гагцхүү ямар үнээр вэ гэдгийг Монголын телевизүүд 2014 оны нэгдүгээр сарын 19-нд мэдсэн юм. ABU нь Монголын телевизүүдэд Сочигийн Өвлийн олимп, 2014 оны Нанжины залуучуудын Олимп, 2016 оны Риогийн зуны олимпыг дамжуулах эрхийг нэг сая 150 мянган ам.доллар, түүнээс гадна гарах техникийн зардлыг 120 мянган доллар болсон гэдгийг мэдэгдсэн юм.
Энэ мөнгөний тоог хаанаас нь ч харсан маш их тоо. Ийм мэдэгдэл авсан телевизүүд нэгдүгээр сарын 23-нд анхны зөвлөлдөх хурлаа хийж санал бодлоо солилцсон. Энэ хуралдаан дээр МҮОНРТ, UBS, TV5, NTV, SBN, TV9, ETV, TV8, Shine Delkhii, EDU TV, Channel 25 телевизийн төлөөлөл оролцсон юм. Тус хуралдаанаар телевизүүд ABU -с санал болгосон үнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин өмнө нь ярьж байсан 600.000 ам доллараар авах саналаа илгээхээр тохиролцоод хурал өндөрлөсөн. Яагаад 600.000 ам.доллар гэдэг нь ийм учиртай юм. 2013 оны наймдугаар сард албан бус мэдээгээр ETV гурван олимпийг Денцүгээс дангаараа 500 мянган доллараар худалдаж авах гэж байна гэсэн мэдээлэл сонсогдсон байсан юм.Зөвхөн үүнээс өрсөх гэж Монголын Пүүл 600 мянган доллар гэж хэлсэн. Тэр үед доллар 1330 төгрөг байсан, гэтэл одоо ханш ямар байгаа билээ. Тийм учраас хэдий хүнд ч гэсэн 600 мянган доллар бол Монголын пүүлийн өгч чадах хамгийн дээд үнэ. Бид үүнээс илүүг өгөх боломжгүй гэсэн юм. Гэтэл холбооны /ABU/ ЕНБД над руу ярьж, улмаар“Та нар үнийн саналаа хэлжээ. Эхлээд Сочигоо дамжуулчих. Үнэ хөлсний асуудлыг дараа ярьж, зөвшилцөж болно шүү дээ” гэв. Гэвч үнэ мөнгөний асуудалд дараа гэж юм байдаггүй. Яагаад гэхээр дараа нь хэдийг ч нэхэж болох талтай. Мөнгөний санал маш орой ирсэн болохоор телевизүүд ямар ч бэлтгэлгүй байсан. Юун сая гаруй доллар бүү хэл 600 мянган доллар дээр ч хэцүү байсан. Эхний төлөлтийг гурван сарын 1-нд хийнэ гээд хуваарь хүртэл ирсэн байсан үе шүү дээ.
-Таны ярианаас манай телевизүүд “онцгой эрх”-ийг хөөцөлдсөөр нэг нэгнийхээ дээр гарах гэж аливаа зүйлийнхээ үнийг өөрсдөө өсгөөд байдаг гэж ойлгогдоод байна?
-Ийм тогтолцоо, арга барил манай улсад тогтоод удаж байна. Өөр улс орны туршлагыг ярья. Вьетнам улс л гэхэд“манайх хөгжиж байгаа, буурай орон, гэхдээ бид тив дэлхийн энэ сайхан тэмцээнийг ард түмэндээ үзүүлмээр байна гэсэн хүсэлт тавиад 2000 доллараар авчих жишээтэй. Манайхан өрсөлдөөд зарим тохиолдолд үнэгүй ч авчих боломжтой юмыг нэг нэгнээсээ өрссөөр байгаад 40-50 мянган доллар, цаашлаад 400-500 мянган доллараар авч таардаг. Тэгэхээр бусад улс орон манай орныг маш баян болчихсон гэж харах болсон. Нэг нэгнээ цохих гэж санаанд оромгүй мөнгийг амласаар байгаад илүү үнээр, хэлсэн үнээр нь авдаг гэсэн ойлголтыг өгчихсөн. Бид түүхэндээ хамгийн үнэтэй дамжуулсан нь Лондонгийн олимп. Гэхдээ энд анх удаа пүүл болж телевизүүд нэгдэн дамжуулсан. Бид нэгдээд зардлаа хуваагаад хамгийн эвтэй сайхнаар манай телевиз ахлан зохион байгуулсан. Энд үндсэн дөрвөн төрлөө бүгдээрээ дамжуулъя, бусдыг нь сугалаагаар нэвтрүүлэхээр шийдсэн. Энэ зохион байгуулалт маш сайн явагдаад байж байтал TV5 бүх төрөл рүү хошуугаа дүрсэн. Телевизүүд ямар ямар төрөл дамжуулахав тэрэндээ тохируулан бэлтгэлээ базаана. Хөтлөгч, тайлбарлагч, спонсор, судалгаа гээд маш их хөдөлмөрлөнө. Гэтэл TV5 тэгээгүй, бүгдийг нь хуу хамаад дамжуулчихсан. Бид яах гэж пүүл болсон юм бэ? Мэдээжийн хэрэг ямар ч телевиз хүмүүсийн их үздэг сонирхдог спортын төрлийг дамжуулахыг бодно. Гэхдээ үүнээс гадна Олимп гэдэг асар том дээвэр дор багтдаг, Монгол улсад хөгжиж амжаагүй, бүх спортын төрлүүдийг бид үзэгчиддээ хүргэхийг гол зорилгоо болгон ажилласан болохоор сугалааг санаачлан төрлүүдээ хувааж авсан юм.
-Сочи 2014 наадмыг дамжуулах эрхийг хэдийнээс хөөцөлдөж эхэлсэн бэ?
-Японы компанид манай эрх худалдагдсан гэдгийг бол мэдсэн. Гэхдээ Денцутай шууд харьцах харьцааг ABU зогсоосон. Бид нар өөрийнхөө гишүүн байгууллагуудын олимп дамжуулах эрхийг Денцугаас худалдаж авах ажлыг эхлүүлээд байна гэсэн. Зарчмын хувьд бол зөв. Бид энэ холбоонд 1991 онд элссэнээсээ хойш жил болгон гишүүнчлэлийнхээ төлбөрийг төлсөөр ирсэн. Тэдэнд итгэх итгэл гэж бас байна. Бид энэ холбооныхоо Удирдах зөвлөлд, төлөвлөлт стратегийн хэсэгт нь багтдаг. Холбоондоо бид нэр хүндтэй, манайхыг дагаж олон байгууллага гишүүнээр элссэн. Мэдээж бид нар олон жилийн харьцаагаа бодоод холбоондоо итгэж хүлээсэн. Тэгээд ч тухайн улс орон дангаараа хөөцөлдсөнөөс бүс нутгийн харъяалалд багтах нь илүү үр дүнтэй гэж хамгийн сүүлийн “момент” хүртэл ABU-д итгэсээр байсан.
-Гэтэл…?
-Гэтэл нэг сая 150 мянган доллараар дамжуулах үнийг санал болгосон. Мөн дээрээс нь техникийн зардал нь тусдаа 120.000 доллар, мөн Инчоны Азийн тоглолтын төлбөрийг 220.000 доллар гэсэн. Энэ бол байж боломгүй үнэ гэдгийг би дахин хэлье.
Улмаар, бидний 600.000 ам.долларын үнийн саналыг хүлээн авсан тохиолдолд яг хэдэн телевиз энэ гурван Олимпийг дамжуулах вэ гэдгийг тодруулах зайлшгүй шаардлага гарсны улмаас телевизүүдийн төлөөлөл нэгдүгээр сарын 28-ны өдөр дахин хуралдсан юм. Тус хуралдаанд МҮОНРТ, UBS, Channel 25, EDU TV, TV5 телевизийн Гүйцэтгэх захирлууд оролцсон юм. Зардлаа хэрхэн хуваах асуудал, өөр өөрийн телевизүүдийн бэлтгэл байдал, спонсороо хэрхэн олох зэрэг асуудлаа яриад эхэлж байтал TV5 телевизийн ерөнхий редактор Э.Дагиймаа орж ирэн “600.000 ам доллар гэдэг нь нэг тэрбум төгрөг болж байна, Монгол улсын эдийн засаг өнөөдөр 600.000 ам.доллар гаргах боломжгүй. Тиймээс цаг нь тулсан байгаа Сочигийн Олимпыг бид дамжуулах боломжгүй. Хоёрхон тамирчин цагаан хуудсаар орж байгааг юуг нь дамжуулдаг юм. Тэр Нанжиний залуучуудын Олимпыг манай улсад сонирхох хүн байхгуй, цаашлаад ийм айхтар их үнэ хэлж байхад ер нь Риог ч дамжуулаад яах юм. Хэрвээ ингэсний хариуд гишүүн бус байгууллагад эрхийг зарах юм бол бид ер нь ABU гишүүн гэж байгаад ч яахав, Монголын пүүлээ ч тараая. Алийн болгон бид хэлсэн үнэд хөтлүүлж явахын, нэг удаа ч гэсэн үгүй гэж хэлж үзье” гэв. Яг нөхцөл байдлаа харахад төлбөрийн асуудал, мөнгөний тоо хэтэрхий оройтож ирсэн учраас Сочигийн Олимпыг дамжуулах бэлтгэл ажлыг базаасан телевизүүд ховор байсан. Гэхдээ бид бүгд туршлагатай, Тив дэлхийн хэмжээний наадмуудыг удаа дараа дамжуулж байсан телевизүүд учраас олонхийн шийдвэр Сочиг дамжуулна гээд гарахад тэр дор нь учраа олох хэмжээний байгууллагууд. Гагцхүү үзэгчид чанартай, зөв, сайн тайлбартай мэдээллийг авах эсэх нь л ялгаатай юм. Мөн хамгийн хүнд асуудал бол төлбөр.
Ийнхүү Монголын Пүүлийн нэгдсэн саналаар бид
- Сочиг дамжуулах боломжгүй. Учир нь, үнийн санал хэтэрхий оройтож ирсэн учраас телевизүүд эдийн засгийн, маркетингийн тооцоо гаргах, ивээн тэтгэгч олох, бэлтгэл ажлыг зохион байгуулах хугацаа байхгүй .
- Нанжины Залуучуудын Олимпыг дамжуулахыг сонирхох телевиз байхгүй.
- Риогийн 2016 оны Олимпыг дамжуулах эрхийн үнийн саналыг асуух
- Гишүүн бус байгууллагуудад эдгээр тоглолтын эрхийг худалдаалахыг хатуу эсэргүүцэхгэсэн шийдвэрийг гаргаж ABU-д уламжилсан юм.
Энэ бол хамгийн зөв шийдвэр байсан. Улс орныхоо эдийн засгийн чадавхийг бодсон ч тэр, ер нь санасан дүнгээ Монгол улсад тулгадаг тэр байдлыг хазаарлах, цаашид 2018, 2020 оны олимпийг дамжуулахын тулд үүнийг эсэргүүцэх хэрэгтэй байсан. Гэхдээ хамгийн гол нь нэгдэж эсэргүүцэх нь гол байлаа. Ингэж байж л амжилттай болно уу гэхээс хэн нэгэн нь “мурих” юм бол үр дүн гарахгүй шүү гэж шийдсэн, ярьцгаасан. Хэн нэгэн нь ар хударгаар юм хийхгүй биз гэж хүртэл ярьж тохиролцсон.
МҮОНРТ-ийн хувьд бид Монголын пүүлийн ахлагч хэдий ч нэгэн гишүүн нь. Бид давуу эрх эдлэж шийдвэр гаргах боломжгүй, мөн өөр хэн нэгний хийж байгаа үйлдэлд хариуцлага хүлээх субьект биш бөгөөд олонхийн шийдвэрийг дагана гэсэн байр суурьтай. Монголын пүүлийн гаргасан шийдвэрийн хамтаар бид өөрийн байр суурийг ч илэрхийлсэн юм.
Ингээд нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хойш холбоо чимээгүй болсон бөгөөд ямар нэгэн хариу захидал ирүүлээгүй. Гэтэл олимпийн өмнөх өдрөөс TV5 албан ёсны онцгой эрхтэйгээр гээд сурталчилгаа явуулаад эхэлсэн. Бид “Арай үгүй байлгүй дээ” гэж бодоод, телевизүүд хоорондоо ярьж эхэлсэн. Ярьж хэлж тохирсондоо биз дээ гэсэн. Бүгд л мэдээж хэлсэн ярьсандаа, гадаад мэдээгээ авдаг гэрээтэй гадаадын агентлагаасаа авна энэ тэр гээд ярьцгаасан. Манайх харин нэмэлт 20 минут гаргасан, үүгээр Сочид байгаа мэдээллийн багийнхаа явуулсан мэдээллийг гаргана. Тэр ABU-гаас санал болгож байгаа үнэтэй сигналд ямар ч хамааралгүйгээр ажиллана гэцгээсэн. Бусад телевиз ч мөн адил гаргасан шийдвэрээ дагана, хохирсон ч гэлээ шийдвэр бол шийдвэр гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Уг нь шийдвэрийг санаачлагч нь TV5 байсан биз дээ?
-Тийм ээ, тэр хурлын бичлэг надад байгаа. Мэдээж яагаад үндэсний телевиз дамжуулахгүй байна вэ гэдэг асуудал үүснэ. Гэхдээ бид энэ талаарх мэдээллийг өгөх ёстой гэдгийг ойлгосон. Бидний гаргасан шийдвэр бол ирээдүйг харсан, монгол улсынхаа мөнгийг гадагш хамаагүй урсахаас сэргийлсэн, мөн нэг нэгнээ мөнгөөр зодож эрх авдаг энэ тогтолцоог халах хамгийн анхны оролдлого байсан гэдгийг дахин хэлье. Энэ оролдлогыг эхлэн уриалагч нь TV5 байсан юм. Дамжуулахгүй гэдэг уриалгыг ч тэднийх эхлүүлсэн. Сочиг дамжуулах асуудал анхнаасаа их хэцүү байсан. Анхнаасаа төлбөр нь тодорхой биш байсан болохоор оны төсөвт суулгахад ямар ч баримжаа байгаагүй. Үүнийг улс орондоо үзэгчиддээ, ард түмэндээ зөвөөр ойлгуулах хэрэгтэй юм байна.
-TV5 ямар нэгэн мэдээлэл өгөв үү?
-Бид нар өөр сигнал авсан гэж гүрийсэн. Гэтэл өнөөдрийн энэ нийтлэл дээр ABU-гаас авсан гэдэг нь тодорхой байна. Энэ бол ёс жудаггүй, хэтэрхий хувиа хичээсэн асуудал юм. Бид өчнөөн олимпийг дамжуулж ирсэн, дамжуулах ч болно. Гагцхүү телевизүүд нэгдэж ажиллая. Амиа боддог энэ байдлаа орхиё. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг шүү дээ. Олимп гэдэг нэг удаа болоод өнгөрдөггүй, циклээр явдаг. Засгийн газар ч гэсэн энэ асуудалд оролцох цаг нь болсон. Бусад улс орнууд пүүлээрээ шийдвэрээ гаргаж, шийдвэрээ дагадаг. Манайхны бие биенээсаа давах гэж өрсөх гэж гаргадаг араншин өнөөдөр сая сая долларын үнийг хэлүүлэхэд хүргэлээ. Аль аль талаа бодсон ч энэ бол эргэж харах нэгдэх ёстой асуудал. Монголын пүүл цаашдаа байгаасай, нэгдэж ажиллаасай гэж бодож байна.
-Олимп эхэлснээс хойш Б.Дагиймаатай холбогдов уу?
-Үгүй. Бүх телевизхурлын дараа Сочиг яаж дамжуулах талаар мэйл явуулсан. Дагиймаа ч гэсэн “TV 5 телевиз нь үндэсний пүүлийн шийдвэрийг мөрдөх бөгөөд олимпийн наадмыг Денцү болон Aзийн телевизийн холбооноос авахгүй гэдгээ мэдэгдэж байна. Манай телевиз нь олон улсын олимпийн хорооны дарга Жаг Рогегийн нэрэмжит шагналтай бөгөөд олон улсын олимпийн хороо, Сочигийн олимпийг зохион байгуулах комисс, EURO телевизийн холбоотой олимпийн худалдаа ярьж байгаа юм. Хэрэв бүтвэл пүүлтэй хуваах асуудлыг бид хөндөнө. Одоогоор хариу албан ёсоор ирээгүй байна” захиа явуулсан. Гэтэл одоо дамжуулж буй сигнал нь ABU-гийн бидэнд санал болгосон сигнал мөн.
Энэ байдлыг телевизүүдийн удирдлагууд TV 5 телевизэд хэлээд ямар нэгэн тайлбар авах гэхээр одоо бүр илт доромжилж “ бидэнд алдад байх зүйл алга, хийх зүйлээ л хийж байна. Бодвол монгол ТВ боож үхэх гээд л байгаа биз. Хүн шиг байж сур. Тайлбараа ABU-гаасаа ав. Сарангэрэл нь байна уу Дагиймаа нь байна уу бидний яаж хаанаас юу авах нь та нарт хамаагүй гэж дэндүү ёс зүйгүй авирлаж байна.
МҮОНРТ-ийн хувьд бол олон нийтийн статустай болоод 9 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд өвлийн Турины, Ванкуверын, зуны Бээжингийн болон Лондонгийн зэрэг Олимпын тоглолтуудыг улс орон даяр дамжуулж байсан түүхтэй. Бээжингийн зуны Олимпын наадмаас эхлэн Монгол улсын өргөн нэвтрүүлгийн байгууллагууд хамтран, Монголын Пүүл гэсэн баг болж ажиллаж эхэлсэн. Үнэ ханшийг өсгөхгүй, гарсан зардлаа хуваалцаад төлнө гэдэг нь аль алиндаа харилцан ашигтай, эдийн засгийн хэмнэлттэй зүйл гэдгийг бид цаг үе, үйл ажиллагааныхаа туршлага зэргээс ойлгож байна. Ингэж нэгдэснээр телевизүүд хожих нь чухал биш. Хамгийн их хожиж байгаа нь үзэгч түмэн юм.
-Үндэсний пүүл одоо ямар байр суурьтай байна вэ?
-TV5 Coчи 2014-ийг өөр шугамаар авч байгаагаа батална уу гэсэн хүсэлт гаргаад байна. Эднийх дамжуулна гэдгээ эртнээс бэлдсэн нь харагдаж байгаа. Тайз спонсор гээд л бүх зүйл нь эртнээс бэлдсэн нь илт. Тэгэхээр үндэсний пүүлийн өмнө TV5 тайлбар өгөх хэрэгтэй. Бүгдийг нь уриалж болиулчихаад дараа нь дангаараа орж ирдэг. Энэ бол ёс зүйд нийцэхгүй асуудал. Ер нь бол манайхны бие биенээсээ өрсөх гэдэг алхам олимпийн үнийг дийлэхгүйд хүргэсэн шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.