“Челси” чухал оноо алдлаа

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

“Челси” чухал оноо алдлаа

Английн “Премьер лиг”-ийн 26 дугаар тойргийн тоглолтууд ОХУ-ын Сочи хотноо үргэлжилж буй цагаан олимпийн “сүүдэр дор” даруухан үргэлжилж байна. Дэлхийн сая, сая үзэгчдийг байлдан дагуулж, хамгийн зөв менежменттэй гэгддэг Английн “Премьер лиг”-т өнгөрсөн шөнө /II.12/ дөрвөн тоглолт боллоо. “Премьер лиг”-ийг тэргүүлж эхэлсэн “Челси”  лигийн дундаж багуудын нэг “Уэст Бромбич Албион”-ы талбайд зочлон, 1:1-ийн харьцаатай тэнцлээ. Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд буюу 45+3 дахь минутад “Челси” багийн хамгаалагч Бранислав Иванович гоол оруулснаар талбайн зочид тэргүүлж эхэлсэн. Хоёрдугаар үед “Челси” гоол оруулж чадаагүй ч тэргүүлсэн хэвээр үргэлжилсэн. Гэсэн ч тоглолт өндөрлөхөөс ердөө гурван минутын өмнө “Уэст Бромбич” багийн довтлогч Виктор Аничебе гоол оруулж, “Челси” багаас, “Онцгой нэгэн” Жозе Моуриньогоос хэрэгтэй байсан гурван оноог нь “булаалаа”. Дасгалжуулагч Жозе Моуриньогийн, “Челси” багийн гол асуудал болох довтлогчид өнгөрсөн шөнийн тоглолтод мөн л гоол оруулсангүй.

Тоглолтын дараа “Челси” багийн дасгалжуулагч Жозе Моуриньо “Тоглолтын эхний 60 минут бидний гарт байлаа. Харин сүүлийн 20 минутад “Уэст Бромбич” баг биднийг хүнд байдалд оруулж, үүнийхээ үр дүнд гоол орууллаа. Тэд оноо авах эрхтэй сайн тоглолтын үзүүлсэн. Оноо бүхэн чухал. “Челси” энэ тоглолтод оноо алдсан ч улирлын төгсгөлд бүх зүйл тодорно” гэдгийг онцолсон байна.

Мөн өнгөрөгч шөнө “Саутхэмптон” баг “Халл Сити”-гийн талбайд зочлон 1:0-ийн харьцаатай хожлоо. Улирлыг тун сайн эхлүүлсэн “Саутхэмптон” сүүлийн үед төдийлөн хүссэн хэмжээндээ тоглохгүй байгаа юм. “Саутхэмптон” баг 39 оноотой наймдугаар байрт бичигдэж байна.

Өнгөрсөн шөнийн тоглолтуудын дүн:

Кардифф Сити 0:0 Астон Вилла

Халл Сити 0:1 Саутхэмптон

Уэстхэм Юнайтед 2:0 Норвич Сити

Уэст Бромбич 1:1 Челси

Английн Премьер лигийг 26 тоглолтод 57 оноо авсан “Челси” тэргүүлж байна. Харин 25 тоглолтод 55 оноо авсан “Арсенал”, 54 оноотой “Манчестер Сити”, 50 оноотой “Ливерпүүл” баг тэргүүлэгчийг нэхэж байна. Энэ жилийн “Премьер лиг”-ийн аваргын төлөөх өрсөлдөөн тун ширүүн болох төлөвтэй. Аваргын төлөө “Челси”, “Арсенал”, “Манчестер Сити”, “Ливерпүүл” багууд оноо ойролцоо, хүчтэй өрсөлдөж байна. Харин өнгөрсөн улирлын аварга “Манчестер Юнайтед” түрүүлэхэд тун хэцүү болсон. “Манчестер Юнайтед” 25 тоглолтоос 41 оноо авч, долдугаар байрт бичигдэж байна. “Ман Юнайтед” лигийг тэргүүлэгч “Челси” багаас даруй 16 оноо дутуу байна.

“Премьер лиг”-ийн эхний дөрвөн байрт шалгарсан баг Европийн хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-т өрсөлдөх эрхээ авна. Харин сүүлийн гурван байрт орсон баг доод лиг рүү унана. “Премьер лиг”-ээс доод лиг рүү унахгүйн тулд багууд аваргын төлөөх өрсөлдөөнөөс ширүүн тэмцэлдэх болно. Доод лиг рүү унах аюул “Премьер лиг”-ийн 10-20 хүртэлх багуудад тулгарч байна.

Өнөө шөнө 03:45 цагаас /Улаанбаатарын цагаар/ Английн “Премьер лиг”-ийн 26 дугаар тойргийн тоглолтууд үргэлжилнэ. Өнөө шөнийн хамгийн оргил нь Английн Лондон хотод “Арсенал” талбайдаа “Манчестер Юнайтед” багийг хүлээн авах тоглолт болно.

Өнөө шөнө болох тоглолтууд:

03:45 цагаас

Арсенал – Манчестер Юнайтед
Стоук Сити – Свонси Сити
Эвертон – Кристал Палас
Манчестер Сити – Сандерлэнд
Ньюкассль Юнайтед – Тоттенхэм

04:00 цагаас:

Фулхэм  – Ливерпүүл 

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж