Улстөрийн намуудыг амлалтаа хэрэгжүүлэхийг сануулав | News.MN

Улстөрийн намуудыг амлалтаа хэрэгжүүлэхийг сануулав

Хуучирсан мэдээ: 2010.03.08-нд нийтлэгдсэн

Улстөрийн намуудыг амлалтаа хэрэгжүүлэхийг сануулав

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөрт зориулан  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Алдарт эхийн одонт 1000 ээжүүдийн чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байгаа талаар бид мэдээлсэн билээ.

Энэхүү  чуулга уулзалтыг Алдарт эхийн одонт эхчүүдийн холбооноос 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд   эх орны өнцөг булан бүрээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт ээжүүд хүрэлцэн ирж оролцлоо.   Энэ удаагийн уулзалтанд УИХ-д сонгогдсон гишүүдийн тойрог бүрээс тус бүр таван ээж оролцох урилга илгээснээс нийт 1000 гаруй ээжүүд хүрэлцэн иржээ.
1000 ээжүүдийн чууулга уулзалтыг нээж УИХ-ын гишүүн асан, Алдарт  эхийн одонт ээжүүдийн холбооны тэргүүн Б.Мөнхтуяа хэлсэн үгэндээ 1957 оноос эхлэн манай улс олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд алдарт эхийн одон олгож эхэлсэн бөгөөд 2007 онд УИХ-ын тогтоолоор алдарт эхийн нэгдүгээр одонт эхчүүдэд 100 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонт эхчүүдэд 50 мянган төгрөгийн   тэтгэмжийг жилд нэг удаа олгохоор шийдвэрлэсэн нь олон эхчүүдийн талархлыг хүлээсэн. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан цэргийнхэнд 1 сая төгрөгийн нөхөн олговор олгож байгаатай адил манай ээжүүд ийм нөхөн олговор авах эрхтэй, үндэслэлтэй гэж бодож байна гэж онцлон хэллээ.

Түүнчлэн өнөөгийн улс төрийн намууд улс болон улс төрчид ээжүүдийн өмнө амласан амлалтаа биелүүлэхийг тэрээр дахин сануулж, цаашид алдарт эхийн 2 дугаар зэргийн одонтой эхчүүдэд 500 мянган төгрөг, 1 дүгээр зэргийн одонтой ээжид 1 сая төгрөг олгох, мөн одон олгох болзлыг бууруулж, 4 хүүхэдтэй эхэд 2 дугаар зэргийн одон, 6 хүүхэдтэй эхэд 1 дүгээр зэргийн одон олгохоор  амалсан амлалтаа улс төрийн намууд  хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа алдарт эхийн одонт 150 мянга гаруй эхчүүдийн өмнөөс илэрхийлж байна хэмээн  хатагтай Б.Мөнхтуяа мэдэгдлээ.

Мөн тус чуулга уулзалтанд Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ Уг  мэндчилгээнд ‘’…Эмэгтэйчүүд бол иргэний нийгмийн хүчтэй хэсэг юм. Нийгэм дэх тэдний оролцоо томоохон байр суурьтай бөгөөд хүн амын өсөлт, хөгжил, улс орны ирээдүй хойч үе чухамхүү эхчүүдээс хамаардаг болой. Ээж хүн хорвоогийн энэрэл хайрын далай, уужим сэтгэл, ариун цагаан сүүгээрээ амьдралыг тэтгэгч төдийгүй улс гэрийн тооныг тулагч хос баганы нэг билээ. Эхийн сэтгэл бол ямар ч сэв буртаггүй, гэгээн нигүүлсэл дүүрэн, бүхий л хайрын эхлэл байдаг. Хүмүүнийг төрүүлнэ гэдэг нь эх хүнд байгалиас заяасан хамгийн дээд ач буян.  Энэ их ач буяныг төр үнэлж дэмжих ёстой. 

Улс үндэстний оршин тогтнол, хөгжил дэвшлийн анхдагч хүчин зүйл бол хүн амын өсөлт, хөгжил юм. Шинэ мянган гарсаар Монголын үрс маш олширч, төрөлт нэмэгдэх боллоо. Ийм үед манай төр засаг эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, нөхөн үржихүйг дэмжих бодлогоо тууштай баримталж төрөх газрын хүрэлцээ хангамжийг шинэ зууны шаардлагад нийцүүлэн нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай, оновчтой болгох шаардлагатай байна. Эх, нялхсын эндэгдлийг бууруулах, хоол тэжээл, амьдралын чанарыг дээшлүүлэхэд төр засгаас онцгой анхаарч ажиллавал зохино.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, ажилгүйдлийг бууруулах, амаржсан эхчүүдийн ажлын байрыг хадгалах талаар дорвитой арга хэмжээ авах нь чухал байна. Ялангуяа эмэгтэйчүүдэд ээлтэй бизнесийн таатай орчин бүрдүүлэх, ажлын байрны нөхцлийг сайжруулах, жижиг зээлд түлхүү хамруулах чиглэлээр бодитой алхам хийх хэрэгтэй.

Шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, өмнө хүрсэн түвшнээс ухрах биш харин урагшлах хэрэгтэй гэдгийг онцгойлон тэмдэглэж байна’’ гэжээ.

Г.Дарь

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж