Монголын хувцас “Сочи-2014”-д үнэлэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

Монголын хувцас “Сочи-2014”-д үнэлэгдэж байна

Монголын багийн ёслолын хувцаслалт “Сочи-2014”-д үнэлэгдэж байна

Сочи-гийн Олимпийн нээлтэнд оролцсон 88 орны баг тамирчдын ёслолын хувцсанд спорт сонирхогчид болон загварын ертөнцийнхөн үнэлгээ өгсөөр байна. Өөр өөрсдийн орны шилдэг дизайнер, компаниудаар ёслолын хувцсаа хийлгэж гоёсон тамирчдаас “Гоёо” компанийн хувцсаар гангарсан Монголчууд өндөр үнэлгээ олон төрлийн жагсаалтанд эхний тав, эхний аравт бичигджээ.

Тухайлбал, АНУ-ын нөлөө бүхий вэб сайт www.latinopost.com шилдэг 10 хувцас шалгаруулахдаа манай багийн хувцсыг гуравдугаарт шалгаруулж, загварлаг бөгөөд өвөрмөц коллекц гэж үнэлсэнээ тэмдэглэсэн байгааг дуулгахад таатай байна.

Сонирхуулж хэлэхэд, эхний байранд Lacoste-ын хувцастай Францын баг, хоёрдугаар байранд Monton фирмээр гангарсан Эстонийн баг, гуравт Гоёо-той Монголчууд, дөрөвт Nike бүхий Бразил, тавдугаар байранд S.Ralph Lauren бүхий АНУ-ын баг, зургаад Agressia фирмийн хувцастай Болгарийн баг, долоод H&M бүхий Шведийн баг, наймд ADIDAS-аар гангарсан Их Британийн баг, есдүгээр байранд Hudson’s Bay фирмийн хувцастай Канад, аравдугаар байранд Armani-тай Италийн баг тус тус шалгарчээ.

Загварын ертөнцийн бас нэгэн томоохон вэб сайт болох www.styleblazer.com эхний таван орныг шалгаруулахдаа манай багийн хувцсыг “энэ Олимпийн хамгийн сонирхолтой бөгөөд загварлаг” хувцас хэмээн үнэлж тавдугаарт шалгаруулсан бөгөөд барууны олон орны загварын болон мэдээллийн вэб сайтуудад энэ талаар мэдээллүүд гараад байна.

"Гоёо" ХХК Монголын үндэсний олимпийн хөдөлгөөн, баг тамирчдаа дэмжиж энэ Олимпийн коллекцийн загварыг бүтээж, улсынхаа баг тамирчдыг спонсордсон бөгөөд өмнөх олимпуудад гадаадын компани, брэндийн хувцас өмсөж байсан Монголчууд анх удаа үндэсний үйлдвэрлэгчийн загваруудаар гангарлаа.

"Гоёо" ХХК энэ коллекцийг Италийн загвар зохион бүтээгч Стефано Угетти-тай хамтран зохион бүтээсэн бөгөөд коллекцийн зарим хэсгийг өөрийн дэлгүүрээр дамжуулан худалдаанд гаргасан байна.




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж