Дараах чиглэлд микроавтобус явахгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Дараах чиглэлд микроавтобус явахгүй

Нийтийн тээвэртэй холбоотой иргэдээс ирсэн санал хүсэлтийн дийлэнх хувийг бага оврын автобустай холбоотой зөрчил дутагдал эзэлдэг байна. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулах, маршрут болон замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагаас тодорхой ажлуудыг төлөвлөжээ. Үүний нэг болох бага оврын автобус явахыг хориглох бүсийг тэлэх ажлыг энэ сарын 25-наас хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Энэ нь замын ачаалал, засварын ажилтай холбоотойгоор түр зуур зохицуулж байгаа ажил бус нийслэлийн авто замын сүлжээнд цаашид байнга мөрдөх журам юм. Хотын төвөөр зорчиж байгаа хүн бүхэнд хэрэгтэй уг мэдээллийг та дараах хоёр хэсэг мэдээнээс дэлгэрэнгүй харна уу.

1. Бага оврын буюу микроавтобусны хөдөлгөөнийг зарим ачаалалтай замуудад хязгаарлана. Тиймээс Микро автобуснууд Энхтайвны өргөн чөлөөний 25-р эмийн сангийн уулзвараас Офицеруудийн ордны уулзвар хүртэл, Баруун дөрвөн замын уулзвараас Баянбүрдийн уулзвар хүртэл, Саппорогийн аюулгүйн тойргоос 32 дугаар байрны уулзвар хүртэлх замын зүүнээс баруун чиглэлд, Ард Аюуш, Энэбишийн  өргөн чөлөөний III, IV хорооллын эцсийн буудлын уулзвараас Эх нялхсын эмнэлгийн баруун уулзвар хооронд, Залуучуудын өргөн чөлөөний гудамж, замуудад нэмж хязгаарлахаар төлөвлөөд байгаа аж.

2. Бага оврын автобус үйлчилдэг дөрвөн чиглэлийг хаана. Зорчигч тээврийн үйлчилгээний стандартын их багтаамжийн автобусны чиглэлүүдтэй 100 хувь давхцаж байгаа бага багтаамжийн автобусны ТШ:1 буюу "ХМК- Баянбүрдийн тойрог", ТШ:10 буюу "Улаанхуаран-Бөмбөгөр", ТШ:14 "Их засаг ИС-Чингэс Соосэ ДС", ТШ:20 буюу" Их тойруу", ТШ:36 буюу "Зам гүүрийн автобааз-Улиастай" чиглэлийн замналыг  тус тус хаахаар мэргэжлийн байгууллагаас шийдвэрлэжээ. Том оврын автобус , микроавтобустай зэрэгцэн явах чиглэл, маршрутанд өөрчлөлт орсноор шугамын давхцал 30-аас доошгүй хувиар буурч, замын түгжрэл багасч, аюулгүй  зорчих байдалд эерэг өөрчлөлт гарна гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж