Тамирчдын тосгоны босс Исинбаева, Журова, Чудов нар

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

Тамирчдын тосгоны босс Исинбаева, Журова, Чудов нар

“Сочи 2014”-т 88 орны 2800 гаруй тамирчин 98 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ. Эдгээр тамирчид нэгдүгээр сарын 30-албан ёсоор нээлтээ хийсэн Далайн эргийн (Прибрежная деревня), Нэмэлт (Дополнительная деревня), Уулын (Горная олимпийская деревня) гэсэн гурван тосгонд байрлаж буй. Эдгээрээс хамгийн том нь 3000 гаруй хүний багтаамжтай Уулын тосгон бол Хар далайн хаяанд 72 гектар талбай эзлэн орших Далайн эргийн тосгонд хоккей, керлинг, уран гулгалт, шорт-трекийн голдуу 2000 орчим тамирчин байрласан. Манай баг тамирчдын хувьд нэмэлт тосгон “Слобода”-д төвхнөөд хэдийнэ хоёр долоо хоногийн нүүрийг үзээд байна. Энд цана, биатлоны 1100 орчим тамирчин байгаа аж. Тамирчдын тосгонд зоогийн газар, эмнэлэг, чийрэгжүүлэх төв, номын сан, банк, кафе, дэлгүүр… гээд хэрэгтэй бүхэн цөм бий. Мөн бүгдээрээ өөр өөрийн бэлгэдэл сахиустай. Тухайлбал Уулын тосгоны талисман нь Зайка туулай, Далайн эргийн тосгоных Мишка цагаан баавгай, “Слобода” нэмэлт тосгоных Леопард ирвэс ажээ. Харин тосгоны гудамжуудыг Орос-Зөвлөлтийн олимпийн болон паралимпийн аваргуудын нэрээр нэрийджээ.

Сонирхуулахад “Прибрежная деревня”-гийн захирлаар олимпийн хошой, дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн рекордыг 28 удаа тогтоосон нэрт тулгууртай харайгч Елена Исинбаева, түүний орлогчоор дэлхийн хошой, Европын долоон удаагийн аварга, олимпийн мөнгө, хүрэл медальт уран гулгагч Ирина Слуцкая, “Горная олимпийская деревня”-гийн захирлаар “Турин 2006”-гийн алтан медальт, дэлхийн хошой аварга тэшүүрч Светлана Журова, орлогчоор нь олимпийн дөрвөн удаагийн аварга гимнастикч Алексей Немов, “Дополнительная деревня”-гийн захирлаар Ванкуверын олимпийн хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Максим Чудов ажиллаж байна.

Р.МАНЛАЙ (Таван цагариг)

ОХУ. Сочи хот.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж