Хар тэнгисийн эрэгт орших ОХУ-ын Сочи хотноо үргэлжилж буй XXII өвлийн Олимп эхлэхээс өмнө гадныхны бухимдсан нэг том асуудал нь хаа сайгүй тэнүүчлэх золбин ноход байв. Харин үүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгэн тэрбумтны тусламжтайгаар шийдвэрлэх гарцыг олжээ. Оросын тэрбумтан Олег Дерипаска золбин нохдыг асрах газар барьж өгсөнөөр өвлийн Олимпийг зохион байгуулахад том дэмжлэг үзүүлжээ. Ингэснээр гадныхны хараанд өртсөнөөс болж олон зуугаараа үхлийн тариа хийлгэх байсан золбин нохдыг аврах нөхцөл бүрдсэн байна. Гэхдээ тус асрамжийн газарт нохдыг хөнөөж байна хэмээн амьтны эрхийг хамгаалагчид эсэргүүцэл гаргажээ. Харин албаныхны зүгээс зөвхөн халдварт өвчтэй, үхэж буй нохдыг хөнөөсөн болохоо мэдэгдсэн байна.
Үүгээрч зогсохгүй Олег Дерипаска Сочийн нисэх онгоцны буудалд 450 сая ам.долларыг, далайн боомтод 187.5 сая ам.долларыг “Basic Element” компанийхаа данснаас гаргажээ. Түүнчлэн тэрээр Олимпын хотхон, Паралимпын хороонд 750 сая ам.долларыг хандивласан байна.
Б.АНХТУЯА