Төрийн ордны А танхимд “Авто зам -2014” сэдвийн хүрээнд Шинэчилж шийдье уулзалт болж өндөрлөлөө. Нэг талаас автозамын компаниудын удирдлагууд болох бараг 200 гаад төлөөлөгчид. Нөгөө талаар засгийн газрыг төлөөлөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн яамны удирдлагууд оролцон авсан замын ажил дээр нь юу болохгүй байгаа тухай, юу болж буй тухай шууд ярилцсан юм. Өөрийнх нь талаар муу хэлэхэд үнэхээр чих халууцдаг бол “Насны зам” компанийн Ж.Энхжаргалын чих бараг улайсч, шатах дөхсөн биз. Учрыг тайлбарлавал энэ удаагийн уулзалтаар хамгийн олон нэрээ дуудуулж, “муугаа үзсэн” компани бол “Насны зам” байлаа. Тендерт оролцохдоо чадна гэж урт зам авчихаад сүүлд нь элдэв шалтаг тоочин чадахгүй болж хувирдаг, өөр компаниар дамжуулан хийлгэдэг, завсарт нь ажил цалгардаж, чанаргүй зам тавьдаг компаниудын нэрсийг онцлоход “Насны зам” хэд хэдэн удаа дуулдав.
Б.ЭНХ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ж.Энхжаргалд, Насны замд дахин итгэх итгэл үнэндээ алга. Яамныхан минь битгий дахиж лоббидуулаад энэ компанид ажил өгнө гээд ороод ирээрэй. Одоо яриад байх зүйл байхгүй шүү” гэв.
Тодруулах нь ээ, "Насны зам" компани нь сүүлд л гэхэд 50, 143, 94 километрийн замын ажлын тендрийг авчихсан. Өөрсдийнхөө чадлаас давсан их ажил авчихаад сүүлдээ багагүй хэсгийг нь буцааж өгсөн аж.
Б.ЭНХ