Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын Улсын Аварга 2014” оюуны спортын дөрөв дэх удаагийн тэмцээн дунд болон насанд хүрэгчид гэсэн хоёр насны ангилалд зохиогдоно. 2014 оны ой тогтоолтын УАШТ-ийг хоёр үе шаттай зохион байгуулахаар болсон байна. Эхний шалгаруулалт ирэх гуравдугаар сарын 1-ны бямба гарагт Этүгэн Дээд сургуулийн байранд явагдана. Эхний шатанд шалгарсан нийт 50 тамирчид гуравдугаар сарын 22-нд Монгол-Японы Төвийн нэг давхрын зааланд явагдах эцсийн шалгаруулалтанд оролцох эрхтэй. Эцсийн шатанд өрсөлдөх тамирчдын хувьд тэмцээнийг Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооны төлөөлөгч, олон улсын хоёдугаар түвшний шүүгч Х.Хатанбаатар шүүхээс гадна тамирчдын гаргах амжилтууд дэлхийн чансаанд бичигдэх аж.
Тэмцээний бүртгэл 2014 оны хоёрдугаар сарын 10-21-ний өдрүүдэд Монголын оюун ухааны академийн байранд явагдана.
2014 оны ой тогтоолтын УАШТ-ий төрлүүд:
1. Хоёртын Тоолол /5 минут/
2. Тооны Марафон /15 минут/
3. Тооны Марафон /5 минут/
4. Хөзөр /10 минут/
5. Багананд өгөгдсөн үгс /5 минут/
6. Түүхэн үйл явдал /5 минут/
7. Хийсвэр зураг /15 минут/
8. Нэр, зүс царай /5 минут/
9. Хөзөр – Хурд /5 минут/
10. Дуут цифр /100 болон 300 секунд/
Тамирчид тэмцээний бүх төрөлд оролцох ёстой ба нас насны ангилалд төрөл бүр дээр эхний гурван байр шалгаруулж нийлбэр дүнгээр тэргүүлсэн тамирчид цом гардах болно.
Мөн тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7011-9200, 9712-9200 дугаараар авч болох гэнэ.