
Ерөнхий сайд уулзалтын эхэнд “Эртхэн хэлчихье. Чадахгүй юм бол битгий их зам аваарай. Урт замын ажил авчихаад цааш нь дамладаг явдалтай Шинэчлэлийн Засгийн газар эвлэрэхгүй шүү. Бид чадаж байгааг нь дэмжинэ, чадахгүйтэй нь эвлэрээд явдгаа болино” гэсэн юм.
Энэ удаагийн уулзалтаар ажлаа төлөвлөгөөний дагуу хийж байгаа компаниуд, мөн ажлаа муу хийсэн, хийж чадаагүй компаниудын нэрийг зарласан бөгөөд тухайлбал, “Насны зам” компанид дахин итгэх итгэлгүй болсон, Завханы замыг барьж буй “Хурдны зам” компанийн ажил яст мэлхийн хурдаар ажиллаж байгаа. Мөн ийнхүү удаж байгаа хэрнээ Хархоринд давхар замын ажил авчихсан явж буйг нэр цохон онцоллоо.
Замын компаниуд анх хийнэ гэж амлаж, урт зам авчихаад, хоног хугацаа алдсаных нь дараа хийж чадахгүй болсноо хэлдэг, зарим хэсгийг буцааж өгөхдөө нөхцөл муутай хэсгийг ялгаж өгдөг зэрэг явдал гарч буйг ч хэлж байв.
Өнгөрөгч оны хувьд Хөгжлийн банкны санхүүжилтаар 881 км автозам, гадаадын зээл хөтөлбөрийн хүрээнд 494 км зам зэргээр нийт 647 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн аж. Гэвч зарим нэг компанийн хариуцлагагүй байдлаас болж, ажлын зохион байгуулалт, техникийн хүчин чадлаа тооцоололгүйгээр ажил авсан, Дорнод зүгийн нутгаар цаг агаарын нөхцлийн хувьд тааруу, бороо элбэгтэй байсан зэргээс шалтгаалан ажил удааширсан тохиолдлууд гарчээ.
Мөн “Ялгуусан” компани нь нийслэлд олон ажил авсан хэрнээ орон нутагт 40 километр зам авч, үүндээ нэг хүрз ч хүргээгүй, “Бэрх зараа”-г чадваргүй гэж үзсэн тул өгсөн 40 километрийн ажлаа буцаан авч байгаа тухайгаа дуулгалаа.
Зургаан аймгийн төвийг нийслэлтэй холбох он дамжсан ажлын төгсгөл энэ оны долдугаар сар гэхэд үндсэндээ цэгцрэхийг ажил хариуцсан компанийн захирлууд ээлж дараалан амалсан бөгөөд зарим эзэнгүй замуудад ажлаа сайн гүйцэтгэдэг компаниудыг ажиллахад нь Засгийн газраас дэмжин ажиллана гэсэн юм.
Ирэх онд засгийн газар үндэсний компанийг дэмжих, сайн ажлаа гүйцэтгэсэн компанийг дэмжих чиглэл барихаа дуулгасан бөгөөд нэг компанид 50 километрээс дээш замын ажил өгөхгүй байх гэсэн зарчим дээр Зам тээврийн сайд болоод Ерөнхий сайдын ойлголтын зөрүүтэй байгаа тул одоогоор тодорхой шийд гарахгүй нь бололтой.
Замын компанийн төлөөллөөс дараагаар нь саналааа хэлсэн бөгөөд уурхайтай аймгууд, олборлолт тээвэрлэлтийн бүсийн замын стандартын хувьд эргэн харах шаардлагатай байгааг хэлээд, таван см-ийн хучилттай 10 тоннын даацтай замаар нь хүнд машин механизм байнга явж буй үед зам эвдрэх, үүнээс үүдэлтэйгээр муу зам тавьсан нэртэй үлдэх зэрэг бэрхшээл байгаа гэдгээ Ерөнхий сайдад уламжилсан байна.