“Сочи-2014” олимпийн наадмын галын шугаманд Монголын сэтгүүлчид албан ёсны эрхтэйгээр ажиллан, хар тэнгисийн цагаан олимпийг газар дээрээс нь сурвалжилж байна. Тэднээс хамгийн олон удаа олимпийн "утаа үнэрлэсэн" нь Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Жүгдэрийн Отгонцагаан юм. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын хувьд олимпийн өдрүүдэд амсхийх завгүй ажиллаж буй ОТО энэ өвөл зургаа дахь цагаан олимпио сурвалжилж байна. Өмнө нь тэрээр “Лиллехаммер 1994”, “Нагано 1998”, “Солт-Лейк 2002”, “Турин 2006”, “Ванкувер 2010” өвлийн олимпиос гадна зуны олимпийн зургаан наадмыг мөн сурвалжилж байжээ.
Олимпийн ОТО-той зэрэгцэн цагаан олимп сурвалжилж буй эрхмүүд бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбат, “Таван цагариг” сонины сэтгүүлч Р.Манлай нар юм. Гэрэл зурагчин Ч.Ганбатын хувьд “Лондон-2012” зуны олимпийн наадмыг албан ёсны эрхтэйгээр Монголын фоточдоос анх удаа сурвалжилж байсан бол цагаан олимпод ажилласан анхны гэрэл зурагчнаар мөн тодорч байна. “Таван цагариг”-ийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Р.Манлайгийн хувьд хоёр дахь олимпио сурвалжилж байгаа, өмнө нь “Афин-2004” зуны олимпийн наадам сурвалжлан туршлага суусан нэгэн.
Өдгөө Монголын спортын сэтгүүлчдийн холбоог удирдаж буй Ч.Отгонбаатар ерөнхийлөгчийн хувьд олимпийн наадам, тив, дэлхийн аварга гээд олон тэмцээн, уралдаанд сурвалжлагчаар ч, үзэгчээр ч олонтаа очсон туршлагатай. Харин энэ удаа тэрээр “Сочи-2014” олимпийн наадмын зохион байгуулалтад гар бие оролцож, 100 гаруй орны 25 мянга орчим сайн дурынхан (volunteers) –ы хамт “Сочи 2014”-ийн арын албанд ажиллаж байгаа билээ.
Үүн дээр өвлийн олимпийн наадмыг газар дээрээс нь сурвалжлан хүргэж буй “ТВ-5” телевизийн сэтгүүлч, зураглаачид нэмэгдэхээс гадна ойрын өдрүүдэд МҮОНРТ-ийн спортын сэтгүүлч Д.Баярсайхан зураглаачийн хамт бүл нэмэх гэнэ.
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүддээ амжилт хүсье.