Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилнэ гэв

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилнэ гэв

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилнэ гэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт тэргүүтэй тус байнгын хороонд харьяалагддаг УИХ-ын гишүүн А.Бакей, Я.Содбаатар, Л.Эрдэнэчимэг нар 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр тайлагналаа.

Тус байнгын хорооны дарга Д.Батцогтын тэмдэглэснээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо нь намрын чуулганы хугацаанд гишүүдийн 63.1 хувийн ирцтэйгээр нийт найман удаа хуралдаж, нийт 23 асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцэж буй хуулийн төслүүдээс хамгийн их анхаарал татах нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Ганбаатар нарын өргөн мэдүүлсэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг багтааж болох юм. Хуулийн төсөлд даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцын төрлийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас сүүлийн жилүүдэд зардал гаргуулаагүй даатгуулагчдад урамшуулал олгох, цахим картын үйлчилгээг бий болгох, даатгуулагч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгож үйлчлүүлэх, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанар, зардлын төлбөр, төлбөрийн хөнгөлөлтөд хяналт тавих зэрэг асуудлыг шинээр тусгасан байна.

Хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүхэлд нь шинэчилж, эрүүл мэндийн байгууллага болон даатгуулагчийн эрх, үүрэг, хариуцлагыг баталгаажуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээ, үйлчилгээний бодит өртөгт нийцсэн санхүүжилтийг даатгалын сангаас олгох, эрүүл мэндийн даатгалын сангийн төлөвлөлт, төсөвлөлт, зарцуулалтад хяналт тавих зэргээр боломж бүрдэх чухал ач холбогдолтой аж. Гэхдээ энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан байна.

Мөн ахмад настнуудад хамаарах хуулийн төсөл бол Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл аж. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд санаачилсан юм. Гол үзэл баримтлалынх нь тухайд онцлоход, гэр бүлийн хоёрын нэг нь ерөнцийн мөнх бусыг үзүүлбэл үлдсэнд нь тэтгэврийнх нь тодорхой хувийг өвлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршиж байна. Гэхдээ тэтгэврийг өвлөхөд хэд, хэдэн шаардлага хангана. Нийгмийн даатгалыг шимтгэлийг тасралтгүй төлж, тэтгэврээ тогтоолгосон байхаас гадна гэр бүлийн хоёр хамтдаа 10-аас доошгүй ажил хамтдаа амьдарсан байх зэрэг заалтууд тусч буй.

Харин их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад хамаарах хууль бол Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Уг хууль намрын чуулганаар батлагдсан. Хуульд өөрчлөлт орж батлагдсанаар аттестатчилагдсан, сүүлийн жилийн төгсөгчдийн тодорхой хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, сар бүр үндэсний тэтгэлгийг олгохоор болж байна. Үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг хуульд нийцүүлэн цаашид Засгийн газар тогтоож байхаар болсон юм.

Мөн Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл УИХ-аар батлагдсан. Тогтоол батлагдсанаар Монгол судлалыг хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан чиглүүлэх чиг үүрэг бүхий Монгол судлалын Үндэсний зөвлөл Ерөнхий сайдын дэргэд байгуулагдан, Монгол судлалыг хөгжүүлэх сантай үйл ажиллагаагаа уялдуулан ажиллах бөгөөд сангийн хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусгаж байхаар болжээ.

Түүнчлэн 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны тогтоолоор нийт хяналт шалгалтын чиг үүрэг бүхий зургаан ажлын хэсэг байгуулан ажиллаж, эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн биелэлт, хэрэгжилтэд тавин ажиллаж байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Ганбаатар нарын гишүүдийн санаачилсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг тус Байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа ажиллаж байгаа аж.

Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэж Байнгын хорооны дарга Д.Батцогт хэллээ.

 
Г.ДАРЬ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж