Ямар сайндаа Японы нэгэн жуулчин Тайхар хадыг үзсэнийхээ дараа "энэ хар чулууг үзэхийн тулд ийм хол газар туулсан байх нь уу" хэмээн халагласан гэдэг. Монголын хилээр орж гарсан хар, шар толгойтнуудын тоог гаргаад түүнийгээ салбарын яамныхан 475 мянган жуулчин ирлээ гээд зарлачихдаг. Гэтэл хэд нь ажлын шугамаар, хичнээн нь аялаж, жуучлах гэж ирдгийг гаргасан судалгаа ховор. Үнэндээ Монголд аялахаар ирж байгаа шар толгойтнуудын дийлэнх нь "гуйлгачин" гэх төрөлд багтдаг нөхдүүд байдаг нь худлаа биш шүү дээ. Өндөр үнэтэй зочид буудлуудад тухалж, аялал жуучлалын компаниар үйлчлүүлэхээс илүү дугуй унаад замын айлуудад хоног төрүүлэх халаас нимгэнтнүүд л Монголыг зорьдог. Иймэрхүү тэнүүлчид хэзээ ч Монголд хөрөнгө оруулалт хийхгүй. Тийм болохоор ирсэн хүний тоо олон хэрнээ олсон мөнгө нь чамлалттай байгаа хэрэг юм.
Түвдэд жилдээ гурван сая хүн жуулчилдаг,нэг жуучлагч хамгийн багадаа 500 ам.доллар зарцуулдаг гэнэ лээ. Харин Монголд 180-270 ам.долларыг үрдэг юм байна. Гэтэл Монгол өвөл, хавар, зун, намар гээд улирлаараа мөнгө олох боломж хангалттай байна. Өвлийн спортыг хөгжүүлж, цас мөсөө яагаад доллар болгон хувиргаж болохгүй гэж.
Байгалийн цогцолборт, үзэсгэлэнт газар ихтэй, таримал биш төрмөл байгальтай, нүүдэлчин ахуйтай, ёс заншил, эртний сайхан түүхтэй Монгол уул уурхайн уналтуудаасаа болоод хоосон хонож байгаа бол арчаагүйнх гэхээс өөрөөр тодорхойлох аргагүй. Аялал жуучлалын салбар ДНБ-ын гуравхан хувийг эзэлж байна гэхээр бид эртний түүхтэй, өргөн дэлгэр газар нутагтай, байгаль сайхантай орон гэж бардамнах нь инээдтэй биз дээ.
Монгол шиг дөрвөн улирал ээлжлэн солигддог улс тун цөөхөн. Түүнийг нь үзэх гэсэн хүсэл гадаадынханд төрүүлэхийн тулд сурталчилгаа, бас дахин сурталчилгаа хэрэгтэй байна. Сурталчилгаа гэхээр л навсайсан монгол гэрийн дэргэд уранхай дээлтэй хөдөөний жаалын зургийг аваад тавьчих хэрэггүй. Энэ нь гадаадынханд эрсдэлтэй гэсэн сөрөг ойлголт төрүүлэхгүй гэх аргагүй. Аялал жуучлалын салбарын хөгжүүлэхийн тулд Монголын талаар эерэг PR-ыг маш сайн хийх ёстой. Түүнээс болсон болоогүй зураг авч, бичлэг хийгээд түүнийгээ интернетэд тавьснаа сурталчилгаа гэж ойлгож болохгүй байх л даа. Тэгэхээр ямар сурталчилгаагаар, гадаадынхны мөнгийг олзлох вэ гэдэг бодлого аялал жуучлалыг салбарыг амь оруулах юм.
Жуулчдын сэтгэлийг гижигдэх үзвэр, үйлчилгээ Монголд байхгүй гэдэг. Үгүй шүү дээ, үзье гэвэл захаас аваад л гадаадынхны сэтгэлийг гижигдэх зүйл олон байна. Эзгүй уудам тал, ээрэм говь, цэнхэр тэнгэр, одот шөнө гээд сурталчилгаагаа олигтойхон хийгээд дэд бүтцээ сайжруулж, хөтөчийнхөө мэдлийг дээшлүүлчихвэл боломж байна. Харамсалтай нь салбарын яам, агентлагуудад ажиллаж байгаа нөхдүүдийн толгой ажиллахгүй байгаа болохоос биш.