В.Путинтай уулзсан монгол охин

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

В.Путинтай уулзсан монгол охин

“Сочи 2014”-ийн арын албанд 100 гаруй орны 25 мянга орчим сайн дурынхан (volunteers) ажиллаж байгаа билээ. Тэдний нэг Г.Жаргалмаа хэмээх монгол охинтой ярилцсанаа толилуулъя.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Олимпийн наадамд ажиллах аз завшаан хэрхэн тохиосон бэ?

-Намайг Ганзоригийн Жаргалмаа гэдэг. Краснодар хотын Кубанийн их сургуулийн IV курст улс төр судлалын чиглэлээр суралцдаг. “Сочи 2014”-д ажиллах болсон шалтгаан гэвэл өнгөрсөн оны есдүгээр сард сургуулиаас биднийг албан ёсоор хичээлээс чөлөөлж, олимпийн наадмын арын албанд ажиллахыг үүрэг болгосон юм. Өөрөөр хэлбэл энд ажилласнаар бие даалтаа хийчихэж байна гэсэн үг. Краснодар Сочитой хамгийн ойрхон хот болохоор манай сургуулийн оюутнуудыг түлхүү оролцуулсан байх л даа. Шууд бүртгүүлээд тэнцчих байх гэж бодсон чинь тэгээгүй. Хагас жил гаруйн хугацаанд янз бүрийн шалгалт, тест, ярилцлаганд орж байж Сочид ажиллах эрхээ авсан.

-Сочид хэзээ ирсэн бэ?

-Олимп эхлэхээс сарын өмнө буюу нэгдүгээр сарын 5-нд ирсэн. Орчуулгын чиглэлээр ажиллах хүмүүс бусад сайн дурынхныг бодвол эрт ирж, сайн бэлдэх шаардлагатай байдаг.

-Олимпийн ямар ямар объектэд ажиллаж үзэв?

-Миний хувьд зөвхөн хэвлэлийн төв Main Press Center (MPC)-т ажиллаж байгаа.

-Тэгвэл тамирчид гэхээсээ хэвлэл мэдээллийнхэнтэй илүү харьцаж байгаа юм байна. Сэтгүүлчидтэй ажиллах ямар санагдав?

-Байнга л ийш тийшээ яарч явдаг, бас нэлээд сэргэлэн хүмүүс шиг санагдсан.

-Энд ажиллаж буй сайн дурынханд ямар шаардлага тавьдаг вэ?

-Юуны түрүүнд англиар маш сайн ярьж чаддаг байх ёстой. Мэдээж илүү олон хэлээр ярьдаг бол сайн.

-Чамаас өөр сайн дурын монгол ажилтнууд байна уу?

-Манай сургуульд хэд хэдэн монгол оюутан суралцдаг ч өөрсдөө идэвх гаргаагүй юу энд нэг нь ч ажиллаагүй. Юмыг яаж мэдэх вэ гээд зөндөө хайж явсан. Тэгээд Монголоос ирж волонтёроор ажиллаж байгаа Ч.Отгонбаатар гэдэг ахыг олж уулзсан. Харин халимаг, буриад залуустай нэлээд олон тааралдсан шүү.

-Сайн дурынханд ямар ч цалин хөлс өгдөггүй. Тэгж бодохоор чи спортод үнэхээр дур сонирхолтой юм аа даа?

-Өмнө нь спорт огт сонирхдоггүй байсан. Харин одоо олимпийн ачаар спортын талаарх мэдлэг маань эрс сайжирлаа. Ялангуяа цанын трамплин хайрайлтын тэмцээн маш сонирхолтой санагдсан шүү.

-Сочид зөвхөн өвлийн төдийгүй бүхий л спортын одод хуран чуулаад байна. Тэдэнтэй зургаа татуулж амжив уу?

-Бидэнд хатуу хориглосон юмны нэг нь энэ. Тэмцээндээ гол анхаарлаа төвлөрүүлж буй тамирчдыг аль болох тав тухтай байлгах орчныг бүрдүүлж, саад болох ёсгүй. Тийм учраас гарын үсэг авч, зургаа даруулахыг хориглосон. Зүгээр л мэндлэх, асуултад хариулж, хэрэгцээ гарвал орчуулга хийхийг зөвшөөрдөг юм.

-Чамайг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан цөөхөн сайн дурынхны нэг гэж сонссон. Тэр тухайгаа сонирхуулаач?

-Ямар шалгуураар сонгосныг мэдэхгүй зөвхөн 50 хүнийг ерөнхийлөгчтөй уулзуулахад миний нэр багтсан. Тэр ч байтугай надад ОХУ-ын ерөнхийлөгчтэй ярилцах завшаан тохиосон шүү. Өөрөө улс төрийн чиглэлээр суралцаж байгаа болохоор тэр талаар холбогдолтой зүйл асуусан.

Сочи хотод ажиллаж буй Тусгай сурвалжлагч Р.МАНЛАЙ

("Таван цагариг" сонин)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж