– Сайн байна уу? Танай банк үндэсний зуун хувийн хөрөнгө оруулалттай гэдэг утгаараа үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр нилээдгүй ажил зохион байгуулдаг. Энэ талаар сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг нийт харилцагч, уншигчдаа хүргэхгүй юу?
-Юуны өмнө нийт уншигч, харилцагч нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай улсын хувьд жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжих нь нийгэм, эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой зүйл болоод байна. Энэ ч утгаараа манай банкны хувьд үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийг дэмжин, Монгол улсынхаа эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын төлөө бодлогоороо дэмжин ажилладаг. Өнгөрсөн хугацаанд нилээдгүй олон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байгаа.
Түүнчлэн манай банкны зүгээс харилцагч, үйлчлүүлэгч, жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчиддээ зориулан зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулан илүү уян хатан болгох ажлынхаа эхлэлийг тавьж зээлийн хугацааг уртасгаж 24 хүртэл сарын хугацаатай зээлээ 36 сар болгон нэмэгдүүлж, зээлийн хүүг 0,3 хувиар бууруулан зээлийн эргэн төлөлтийн графикийг харилцагчийнхаа бизнесийн онцлог, улирлын чанар зэргээс хамаарч уян хатан тогтоож эхлээд байгааг уламжлахад таатай байна.
-Жижиг дунд, үйлдвэр бизнес эрхлэгчдэд тулгардаг хүндрэлүүдийн талаар мөн энэ асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар танилцуулахгүй юу?
-Бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд зээл авахад тулгардаг хүндрэлтэй асуудлуудын нэг бол зээлжих хугацааны дарамт, барьцаа баталгаа хөрөнгийн дутагдалтай байдал, зээлийг шийдвэрлэж буй хугацаа, эхлэлтийн бизнес санхүүжүүлэхгүй гэсэн зүйлүүд байдагт эргэлзэхгүй байна. Ер нь манай зүгээс жижиг дунд, үйлдвэр бизнесийн зээлийг бодлогоор дэмжин хүү, хугацаа, тавигдах шаардлагуудаа зөөлрүүлж уян хатан болгох, зээлдэгчтэйгээ бизнесийг нь амжилттай болгоход чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэхээр өөрчлөлтүүдийг хийж байгаагийн эхлэл нь дээр дурдсан хүү, хугацаа, зээлийн эргэн төлөлтийн нөхцлүүддээ оруулж буй өөрчлөлтүүд юм. Мөн түүнчлэн барьцаа хөрөнгийн дутагдалтайгаас үүдэн хүссэн зээлийн хэмжээг нь бууруулахгүйгээр шийдвэрлэх үүднээс “Зээлийн батлан даалтын сан”-тай хамтран ажиллаж нилээдгүй хугацаа өнгөрч байна. Өөрөөр хэлбэл харилцагчийн хүссэн зээлийн үнийн дүнгийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргуулах боломжтой юм.
-Мөн нэг зүйлийг тодруулмаар санагдлаа өөр банк санхүүгийн байгууллагад зээлтэй хүн ахин зээлд хамрагдаж болох уу? Хүссэн зээлээ ямар хугацаанд бүрэн шийдвэрлүүлэх боломжтой вэ?
-Бусад арилжааны банк болон санхүүгийн байгууллагуудаас зээл авсан, үлдэгдэлтэй байж болох ч гол нь тухайн зээл хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд шилжээгүй байх ёстой юм. Бизнесийн орлогоороо бүх зээлээ төлөх боломжтой тохиолдолд зээлийг бүрэн шийдвэрлэнэ. Харилцагчийн зүгээс өөрийн хүссэн манай банкны Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 70 гаруй салбар нэгжүүдээр дамжуулан зээлийн хүсэлтээ гарган материалаа бүрдүүлсэнээр ажлын 3-5 хоногийн дотор асуудлаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Мөн манай төв банкинд хандахаас гадна банкны веб сайтаар хандан онлайнаар зээлийн хүсэлтээ ирүүлж болно.
-Банкны хар дэвтэрт бүртгэгдэх буюу зээлээ хугацаандаа төлөөгүй л бол ахиад зээл авахаар өгөхгүй гээд байна гэсэн бизнес эрхлэгч цөөнгүй байдаг. Энэ асуудлыг танай банк яаж шийдвэрлэдэг вэ?
-Энэ тохиолдол бол өөрийн тань хэлсэнээр цөөнгүй гардаг. Манай банкны зүгээс зээл төлөөгүй шалтгааныг судалж, уян хатан ханддаг. Жишээлбэл: Хариуцлагатай хэдий ч гадна дотны олон хүчин зүйлсээс хамаарч 1-2 удаа зээлээ хугацаа хэтрүүлэн төлж байсан байж болох юм. Хэдий тухайн харилцагч зээлээ төлөх хүсэлтэй ч бизнесийн орлого нь түр хугацаагаар шалтгаантай саатсан тохиолдлуудаар зээл нь ангилал буурсан бол ахин санхүүжилт өгөхгүй гэдэг нь дэндүү явцуу дүгнэлт гэж үздэг. Манай улсын хувьд банк санхүүгийн систем 20 гаруй жилийн түүхтэй залуу байна. Банкны хувьд ч тэр, харилцагч үйлчлүүлэгчийн хувьд ч туршлага дутах, нийгэм, хууль эрх зүй, бизнесийн хувьд таатай нөхцөл бүрдээгүй зэргээс үйдэлтэй төлбөрийн тасалдал бий болсон бол дээрхитэй адил үзэх ёстой.
Хариуцлага сул буюу угаасаа тухайн харилцагч хэнэггүй, урсгалаараа, орлого нь байгаад ч зээлээ төлөх сонирхолгүй, санхүүгийн боловсрол тааруу харилцагч нарт тавих хяналт шаардлагаа ч мөн өндөржүүлж, төлөвштөл нь зээл олгохоос түр түдгэлзэх, харзнах тохиолдол байдаг. Энэ мэтчилэн харилцагч бүрээ зөв үнэлж, дүгнэснээр үндэсний гэх үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг дэмжих ёстой юм. Мэдээж нэг удаа алдсан хүн байнга алдана гэж байхгүй болов уу алдаагаа засч чаддаг байх ёстой гэдэг зарчмыг бид мөрдөх ёстой юмуу гэж үздэг.
-Бидэнд зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
-Та бүхэнд ч мөн сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Энэ завшааныг ашиглаад Монголынхоо нийт ард түмэнд угтаж буй Морь жилдээ азтай хийморьтой, амжилттай байхыг банкныхаа нийт хамт олны өмнөөс ерөөж байна.