
“Оюутолгой” ХХК-ийн Улаанбаатар хот дахь оффист сар бүр 90,000 ширхэг
хуванцар сав хэрэглэдэг ажээ. Харин дэлхий даяар өдөр бүр ундны усны 100
гаруй сая хуванцар савыг дахин боловсруулахгүй хэрэглэдэг байна.
Хуванцар сав хөрсөнд бүрэн задрахад мянган жил шаарддаг бөгөөд нэг
хуванцар сав үйлдвэрлэхэд түүний багтаамжаас арав дахин их ус хэрэглэдэг
юм.
Тиймээс байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын
тулд хуванцар савны хэрэглээг бууруулах санаачилгыг Оюу Толгой ХХК
дэмжиж, энэ долоо хоногоос эхлэн Улаанбаатар дахь оффисын байрандаа
савласан усыг дахин хэрэглэдэг баллонтой ус түгээгч төхөөрөмж
суурилуулжээ. Тус компани ажилчдынхаа эрүүл мэнд, усны хэрэгцээг хангах
зорилгоор сар бүр 90 гаруй мянган ширхэг савласан ус олгож ирсэн.
Үүнийгээ баллонтой ус түгээгч төхөөрөмж болгон сольсноор байгаль орчинд
ээлтэйгээс гадна компанийн зардлыг ч хэмнэх сайн талтай юм байна.
Оюутолгой
ХХК -ийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны эрх зүйн
хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Бумдарь: “Хог хаягдлыг багасгах,
байгаль орчинд хамгийн ээлтэй арга нь хог хаягдал гаргахгүй байх явдал.
Ялангуяа хуванцар сав нь байгальд маш удаан хадгалагддаг, дахин
боловсруулахад орчныг бохирдуулдаг. Эрдэмтдийн судалгаагаар дэлхий дээрх
газрын тос, хийн үйлдвэрлэлийн дөрвөн хувийг хуванцар сав үйлдвэрлэхэд
зарцуулж үйлдвэрлэлийн явцад нь хүлэмжийн хий, азот, метан болон хүхрийн
исэл ялгардаг байна. Харин нэг тонн хуванцар савыг дахин
боловсруулахад 1.5 тонн хүлэмжийн хий ялгардаг болохыг тогтоожээ”
хэмээн онцолсон юм.
Тус компанийн ажилтан З. Оргилбаяр “Өнөө
өглөө ажилдаа ирээд шинэ баллонтой ус байршуулсныг харахад сайхан
санагдлаа. Бид байгаль орчноо хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх нь нэн
чухал гэж үзэж байна. Бид ажил дээрээ ийм их хэмжээний хуванцар хэмнэх
гэж байгаад сэтгэл хангалуун байна” гэлээ.