Өсөлттэй сар ард үлдлээ

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Өсөлттэй сар ард үлдлээ

Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямархуу байгааг авч байгаа цалин, хэрэглээнээсээ хүн бүр мэдчихдэг. Тэгвэл сар бүрийн нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлт, учир холбогдлыг Үндэсний статистикийн хороо гаргадаг. Энэ тоо нь зарим тохиолдолд бодит амьдралтай авцалдахгүй байна гэсэн шүүмжлэл дагуулдаг ч уг судалгаанаас аливаа төсөл, хөтөлбөр суурь тоон үзүүлэлтээ гарган авах нь бий. Тэгвэл хоёрдугаар сарын статистикчдын хурал өнөөдөр болж, нэгдүгээр сарын нөхцөл байдлыг тайлагналаа. Товчхоноор бол бараа бүтээгдэхүүний үнэ, инфляци өссөн сарыг бид ардаа үлдээжээ.

Он цагийн хувьд онцлогтой, сар шинийн баярын дараа иргэдийн амьдрал төдийлөн идэвхигүй, мөн шинэ он гараад хоёр сар болж буй ч бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрүүд жигдрээгүй үе. Өрхийн орлого, зарлага, ажилгүйдлийн хувь хэмжээний талаарх нарийн тоо баримт гарах болоогүй байгааг  Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн газрын дарга Б.Бадамцэцэг хурлын үеэр хэлсэн юм. Ямартай ч макро эдийн засгийн төвшин оны эхлэл учраас өнгөрсөн жилийн эцсээс төдийлөн том өөрчлөлтгүй байгаа учраас гол тоо баримтаас дурдъя.

Хүнсний барааны импорт төдийлөн өссөнгүй

Монголын зах зээл хүн амын хэмжээ, туулж өнгөрүүлсэн санхүүгийн салбарын туршлагаас хамаарч жижиг гэгддэг. Эдийн засагт сүүлдээ сонгуулийн үеийн, баяр ёслолын гэх зэрэг нэр томьёо дагалддаг болж. Монголчуудын хувьд уламжлалт сар шинийн баяраа хэрхэн өргөн дэлгэр тэмдэглэх нь чухал учраас энэ жилийн хувьд сар шинэ эрт болсон тул ихэнх айлууд бэлтгэлээ шинэ он гаргаад хийж эхэлсэн биз ээ.  Сар орчмын хугацаанд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний худалдан авалт жирийн үеийнхээс илт нэмэгдэж, хэдэн сарынхаа цалин, тэтгэврийг сар шинийнхээ бэлтгэлд зориулахад хүрдэг гэдэг. Энэ жилийн хувьд урьд жилүүдийнхийг бодвол эдийн засгийн нөхцөл байдал хүнд, инфляци 11-12 хувьтай, ам.доллартай харьцах төгрөгийн ханш сул байснаас худалдан авалт бага байлаа. Урьд нь сар шинийн баяр дөхөөд ирэхэд дэлгүүр, худалдааны төвүүдээр хүмүүс багталцахгүй чихэлддэг байсан бол энэ жил бас ч гэж учиртайхан бужгинасан. Энэ талаар статистикчид хэлэхдээ, хүнсний барааны импорт өссөн ч өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад төдийлөн их өсөөгүйг дуулгалаа.  Хүнсний барааны импортыг дотор нь мал, амьтан, ургамлаас гаралтай, бэлэн бүтээгдэхүүн гэх зэргээр ангилах бөгөөд үүнээс хамгийн их нь өнгөрсөн сарын байдлаар мал, амьтнаас гаралтай бүтээгдэхүүний импорт байсан ажээ. Үүн дунд 2013 оны арванхоёрдугаар сар гэхэд 6280.0 мянган ам.долларын мал, амьтнаас гаралтай бүтээгдэхүүн импортолж байсан бол энэ жилийн нэгдүгээр сард нэмэгдэж, нэгдүгээр сарын байдлаар 6488.1 мянган ам.долларын мал, амьтнаас гаралтай бүтээгдэхүүн импортолсон байна. Харин хүнсний бэлэн бүтээгдэхүүний тухайд, баярын ширээнд тавих дотооддоо үйлдвэрлээгүй чихэр, шоколад, дарсан ногоо, жүүс, хатаасан жимс орно. Хүнсний ийм бэлэн бүтээгдэхүүний импорт 2013 оны арванхоёрдугаар сард 33957.0 мянган ам.долларт хүрч байсан бол энэ жилийн нэгдүгээр сард нэмэгдэж, 34418.9 мянган ам.доллар болж нэмэгдсэн байна. Сарын хугацаанд сар шинийн баяр болохтой холбоотойгоор хүнсний барааны импорт ийнхүү нэмэгдсэн ч урьд жилүүдийнхтэй харьцуулахад  төдийлөн ихээр өсөөгүй дүн мэдээ байна. Ой тоонд санахаар бол дэлгүүрийн худалдаа гэхэд хоёр дахин нэмэгддэг байсан үеэс өөр, урьд жилүүдийнхээс зарлага багатай сар байжээ.

Өгсүү инфляци

Таагүй мэдээ. Иргэдийн худалдан авах чадварт их нөлөөлдөг, эмзэг асуудал бол инфляци бөгөөд өнгөрсөн сард өссөн тухай статистикчид хэллээ. Тодруулбал, нэгдүгээр сард өмнөх сарынхаас 1.7 хувь, өмнөх оныхоос 12.3 хувиар өссөн байна. Өнгөрсөн жилийн инфляцийн дундаж төвшин 11-12 хувьтай байсан. Энэ нь шинэ он гараад мөн л хэвээрээ, өмнөх сарынхаасаа 1.7 хувиар өсөлттэй гарчээ. Инфляцийг хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтаас тогтоодог юм. Үүнийг хэрэглээний үнийн улсын индекс гэх ба ерөнхий индекс ийнхүү өсөхөд хүнсний бараа, ундаа ус, 3.4 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, дээр дурдсанчлан сар шинийн баяр болохтой холбоотойгоор өнгөрсөн сард хүнсний барааны худалдан авалт их нэмэгдэж, үнэ ханш нэмэгдсэн нь инфляцид голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн тээврийн бүлгийн үнэ 2.5 хувиар өссөн нь инфляцид нөлөөлснийг статистикчид тайлбарлалаа. Үүнд орон нутагт шатахууны үнэ, нийтийн тээврийн хэрэгслийн тасалбарын үнэ нэмэгдсэн нь хамаарах юм байна.

Инфляци өсөхийн хэрээр урьд нь авдаг байсан бараагаа өндөр үнэ төлж авах гарцаагүй байдалд орно. Тиймээс л мөнгө үнэгүйдэх энэхүү үзэгдлээс нийтээрээ айж байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, саяхан сар шинийн өмнө тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 15-28 хувиар нэмсэн ч ахмад настан, тэтгэмж авдаг иргэд энэ нэмэгдлийг сул гэж дүгнэж байгаа. Мөнгөн ханшийн үнэгүйдэл ихэсч байгаа тул олгох тэтгэмж, тэтгэврийг тодорхой хувиар нэмсэн ч ийнхүү нийтийн эрх ашгийг мэдээж хамгаалахгүй, цаг үеийн аргацаах арга хэмжээ юм. Өгсүү инфляци өөд явсаар авдаг цалингаасаа сарын хоол хүнсний хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрэх нь. Тиймээс энэ дохиоллыг төр, засгийнхан анхааралдаа авч, цаг үеэ аргацаах бус дорвитой арга хэмжээ авахгүй бол болохоо байх нь.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж