Манай 76 ч унтах эрхтэй

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Хүн төрөлхтний оюун тархийг “ичээнээс” нь гаргадаг энхийн наадам өвлийн XXII олимпийн нээлт Оросын Сочи хотноо эхэлж өнгө гэрэл, мөс цасны гайхамшигт гялбааг зохион байгуулагч орныхон бидэнд үзүүллээ. Нүдтэй бүхэн Сочигийн эргэн тойрны мэдээлэл рүү сэтгэлээ чилээж байгаа энэ үед цахим ертөнц болон хэвлэл мэдээллийнхний  ихээр онцолж байгаа эхний сенсаци нь тус олимпийн нээлтийн ёслолын хүндэт зочин ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев унтсан тухай байна. Түүний зургийг олимпийн наадмын бэлэг тэмдгийн нэг цагаан баавгайтай зүйрлэж “Нойрмог баавгай” хэмээн хочлон олон нийтийн сүлжээгээр тарааж байгаа ч оросууд Засгийн газрынхаа тэргүүний энэ байдлыг харин ч өмөөрч “Ингэж унтах эрх түүнд бий. Учир нь олимп зохион байгуулах хэмжээнд тэрбээр тархи толгойгоо ажиллуулахын зэрэгцээ 50 тэрбумаар Сочиг хараа булаам хот болгосон гавьяаныхаа төлөө унтах эрх бий” гэжээ.

Оросууд ухаантай юм. Дэлхийн хүн төрөлхтөн анхаарлаа хандуулж байгаа олимпийн нээлт чухал уу чухал. Ийм үеэр унтчихсан Засгийн газрын тэргүүнээ сэтгэл уяртал өмөөрчээ. Үүнээс улбаалан бодохуй төрийн төлөө зүтгэж байгаа 76-гаа гэнэт өрөвдөөд хамрын самсай шархирах шиг болов. Тэд маань ч гэсэн хурал, чуулганыхаа нээлт, хаалтын үеэр унтаж л харагддаг. Түүнийг нь манай зурагчид хэзээний “чулуу” болгочихсон “Төрийн суудал сандайлсан унтаахайнууд” гэж цоллох нь бий. 50 тэрбумаар хот барих нь бүү хэл цэцэрлэг барьсан түүхгүй ч 76-гаа хаана ч өмөөрмөөр санагдав. Их гүрний Засгийн газрын тэргүүн ч ийм чухал үеэр нойр алддаг юм чинь миний эх орны төлөө өдөр шөнөгүй хууль ярьж бие биенээ өөчлөх биш ажлаа анхааралтай хийхийг нь сануулж хэрэлддэг гишүүд минь ширээгээ дэрлээд өдөрт ганц нэг цаг унтчихад яахав дээ.

М.МӨНХТУНГАЛАГ

Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж