Швейцарийн Давос хотод болсон дэлхийн эдийн засгийн 44 дэх удаагийн чуулганд тэрбээр оролцсон аж. Чуулганы талаарх санал дүгнэлтээ хэвлэлээр дамжуулан хуваалцав. Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалт муудсан нь Давосын чуулга уулзалтаас харагдсан гэнэ. Ч.Ганхуяг “Улс бүр Давосын чуулга уулзалтад оролцдоггүй. Чуулганаар Дэлхийн эдийн засгийн чиг хандлага хаашаа явж байна гэдгийг онцолдог. Тэр чиг хандлагад гол үүрэг гүйцэтгэх орныг л онцолно. Бид 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэж, 2010, 2011 онд гайхамшигтай өндөр хурдаар эдийн засгаа өсгөсөн. Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол ид оргил үедээ байхад нь Монголын хөгжлийг хэлэлцье гэдэг шийдвэр гарсан. Нээлттэй хурлаар манай хөгжлийн загварыг хэлэлцэх ёстой байсан. Харамсалтай нь сүүлийн хоёр жилд бид амжилтаасаа ухарсан. Эдийн засгийн хурд илт саарлаа. Иймд хаалттай хурал боллоо. Түүний дараагийн шүүмжлэх сэдэв ямар асуудал байхыг харах үлдэж байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин