Мөсөн талбайн шинэ од Юлия Липницкая

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Мөсөн талбайн шинэ од Юлия Липницкая

Сочи хотын мөсөн талбайд шинэ од төрлөө. XXII дахь удаагийн өвлийн олимпд анх удаа уран гулгалтын багийн төрөл нэмэгдсэн. Уран гулгалтын багийн төрөлд зургаан тамирчинтай арван улсын баг оролцсоноос ОХУ тэргүүлж, Канад, АНУ-ын шигшээ баг мөнгө, хүрэл медаль хүртэв.

ОХУ-ын баг энэхүү олимпийн анхны алтан медалиа хүртэхэд алдарт Евгений Плющенко, 15 настай залуу тамирчин Юлия Липницкая нар ганцаарчилсан төрлүүдэд онцгойрлоо. Тэр дундаа залуу уран гулгагч Юлия Липницкая энэхүү олимпоор өөрийгөө нээв. Түүнийг үзүүлбэрээ үзүүлж дууссаны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин суудлаасаа босч, хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрээр ямар алдаа ч гаргалгүй гүйцэтгэлээ төгс хийж, мөсөн талбайд шинэ од төрж буйг харуулав.

Өдгөө 15 настай Юлия Липницкая өнгөрсөн жилийн цуврал Гранприд амжилттай оролцож, улмаар шилдэг зургаан тамирчин оролцдог Grand Prix Final-аас мөнгөн медаль хүртсэн. Олимпийн өмнө үндэсний аваргад дэд байрт шалгарсан ч Европын аваргад түрүүлснээр БНСУ-ын Ким Юүна, Японы Мао Асада, Италийн Каролина Костнер нарын өнөө цагийн шилдгүүдийн хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсан тэрээр үүнийгээ багийн төрөлд нээж чадлаа. Ийнхүү олимпийн түүхэнд 15 настай анхны алтан медалиа хүртэж буй түүний хувьд ганцаарчилсан төрөлд дахин бүгдийг баярлуулах байх.

"Сочи 2014" олимпийн наадмын уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн медальтнууд хоёрдугаар сарын 14-нд, эмэгтэйчүүдийнх 20-ны өдөр тус тус тодорно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж