Сүүлд нийслэлээс ерөнхий боловсролын есөн сургуульд тус бүр дунд оврийн нэг автобус олгосон. Тэгвэл эдгээр сургуулиудад 11038 сурагч суралцдаг бол автобуснууд 2621 хүүхдийг тээвэрлэх боломжтой аж. Өөрөөр хэлбэл, цаана нь унаагүй 8417 хүүхэд сурагчдын автобусанд багтахгүй үлдэж байна. Есөн сургуулийн ард энэ тооны хүүхэд үлдэж байхад нийслэлийн хэмжээнд олон мянган хүүхэд урьдийн адил өглөө эрт автобус хүлээж, шахцалдан хичээлдээ явж байна. Дээрх ерөнхий боловсролын есөн сургуулийн сурагчид Энэ оны нэгдүгээр сард автобустай болсон. Шинэ автобуснууд тус бүрдээ 90 сая төгрөгийн өртөгтэй аж. Тэдгээр есөн автобусыг, автобус зайлшгүй шаардлагатай байгаа Сүхбаатар дүүргийн 35,71 дүгээр сургууль, Хан-Уул дүүргийн 7, 26 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 67, 122 дугаар сургууль, Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулиудад хуваарилаж өгсөн билээ. Автобуснууд өдөрт 402 км-ийг туулж Бэлх, Сэлхээс эхлээд Шарга морьт, Морингийн Даваа, Био комбинат, Монос, Тахилт, Эмээлт, 22-ын товчоо хүртэл маршрутаар сурагчдыг сургууль гэр хоёрынх нь дунд тээвэрлэж байна. Хан-Уул дүүргийн 7 дугаар дунд сургуульд л гэхэд 1766 хүүхэд суралцдаг. Энэ тооны сурагчдыг 17-22 хүний судалтай дунд оврийн автобусаар зөөвөрлөж байна. Энэ нь сурагчдыг зөөвөрлөхөд өдөрт 88 удаа рэйс хийх шаардлагатай аж.
Мөн нийслэлийн хэмжээнд 34 сургууль автобусаар сурагчдад үйлчилж байгаагийн дийлэнхи нь хотын төвийн боломжийн айлын хүүхдүүд суралцдаг хувийн өмчийн сургуулиуд байна. Энэхүү сургуулиуд сурагчдын унааны төлбөрт 35-40 мянган төгрөгийн хураамж авдаг байна. Хэр баргийн айлын хүүхдүүд сурч чаддаггүй цөөхөн сурагчтай сургуулиуд 8-10 автобустай байхад, 1500-2000 сурагчтай ерөнхий болвсролын сургуулиуд ганцхан дунд оврийн автобустай байх жишээтэй.
Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд сурагчдыг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэх зорилгоор автобустай болгох тухай Нийслэлийн Засаг даргын А/532 захирамжийн дагуу нийслэлийн таван дүүргийн төрийн болон хувийн өмчийн 34 сургуулийн 3500 орчим сурагчдыг 110 автобусаар нэгдсэн зохион байгуулалтад оруулан тээвэрлэж байна. Хүүхдүүд “Сурагчдын автобус”ны үйлчилгээнд Цахилгаан тээвэр ОНӨҮГ, Тэнүүн Огоо ХХК, “Автобуснэг” ОНӨҮГ, “Автобуснэгдэл” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн том оврийн автобусаар үйлчлүүлж байгаа бол, зарим хувийн сургууллиуд бага оврийн автобусаар сурагчдыг зөвөөрлөж байгаа. Гэсэн ч сурагчид бүгд “Сурагчдын автобус” үйлчилгээнд хамрагдтал өдий байна даа.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин