Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэнэ гэв

УИХ-ын хавар, намрын ээлжит чуулганы завсарлагаанаар Байнгын хороод
ажлаа тайлагнадаг уламжлалтай. Тэгвэл Байгаль орчин, хүнс, хөдөө аж
ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан УИХ-ын 2013 оны намрын ээлжит
чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийж хэрэгжүүлсэн ажлын талаар
өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө
аж ахуйн байнгын хороо нь намрын ээлжит чуулганы хугацаанд 60.7 хувийн
дундаж ирцтэйгээр есөн удаа хуралдаж, давхардсан тоогоор 19 асуудал
хэлэлцсэн байна. Байнгын хорооноос хууль тогтоолын төслийн талаарх
хэлэлцэх эсэх болон анхны хэлэлцүүлгийн санал дүгнэлт найм гарсан байна.
Байнгын хорооноос есөн тогтоол гарснаас хууль тогтоолын төслийг
хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах чиглэлээр гурав,
Засгийн газар болон яам агентлагт чиглэл өгсөн хоёр холбогдох асуудлаар
санал, дүгнэлтийн төсөл боловсруулах гурав, бусад нэг байна. Байнгын
хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын болон дэд хэсэг 40 удаа
хуралджээ. Мөн Байнгын хорооны үйл ажиллагааны талаарх 12 төрлийн 58
мэдээ, мэдээллийг парламентын myparliament, дотоод, гадаад сүлжээнд
оруулж, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
хувийг хэрэг 33 хуудас, ноорог товьёог 63 хуудас, Байнгын хорооны
хуралдааны тэмдэглэл 329 хуудас материалыг архивлан баталгаажуулсан
байна.

Энэ хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд
иргэд байгууллагаас нийт 26 албан бичиг, өргөдөл гомдол нэг ирсний
холбогдох хариуг өгсний зэрэгцээ Агаарын бохирдлыг бууруулах асуудлын
дэд хороо тайлангийн хугацаанд нэг удаа хуралджээ.

Мэдээллийн
явцад сэтгүүлчид Газрын тухай багц хуулийн төсөл болон Гол мөрний урсац
бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий
газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх
журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
хаврын чуулганаар хэлэлцэх эсэх талаар тодруулсан юм.

Үүнд
Байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Газрын тухай багц хуулийн төслийг
намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байсан ч хэлэлцэх
асуудал агуулга ихтэй учраас Ажлын хэсэг үргэлжлүүлж ажиллах
шаардлагатай байгаа. Иймээс хаврын чуулганы завсарлагааны хугацаанд
Байнгын хороо Газрын тухай багц хуулийг хэлэлцээд явна. Газрын тухай
багц хуулийн төсөл болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий
газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх,
ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар
хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байгаа. Энэ хугацаанд Гол мөрний
урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий
газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж
мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийн Ажлын хэсэг ажиллана. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон уг хуулийг
дагалдах бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж анхны
хэлэлцүүлэгт шилжүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн А.Бакейгаар
ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна” гэлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж