Түлэнхийн төвийн барилгын ажил шалгалтаас хамаарна

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Түлэнхийн төвийн барилгын ажил шалгалтаас хамаарна

Түлэгдэж, хөлдөж гэмтсэн хүмүүст зориулалтын эмнэлгийн үйлчилгээ авах боломж алга. Уг нь бол эдгээр хүнд шаардлага хангасан орчинд үйлчилгээ үзүүлэх ганц эмнэлэг нь Түлэнхийн төв гэлтэй. Тус эмнэлгийн байр нь хуучирч муудан, таазнаасаа нурж, хүн тогтох аргагүй болсон гэгдэж Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү нүүсэн. Гэвч ачааллаа дийлэхгүйгээс болж өнгөрсөн оны хоёрдугаар сараас өдий хүртэл “Мөнгөнгүүр” хувийн эмнэлгийн хоёр, гуравдугаар давхрыг түрээслэж үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тэд түрээсэндээ гэхэд сард 20 гаруй сая төгрөгийг төлдөг аж. Энэ мөнгөөр угтаа бол хуучин байрных нь  суурин дээр шинэ барилга барьж болмоор. Тиймээс Түлэнхийн төвийн шинэ барилгын ажлын талаар нэхэн сурвалжиллаа.

“Мөнгөнгүүр” эмнэлэгт байгаа Түлэнхийн тасгийн хоёрдугаар давхрын коридорт нь гэхэд 7-8 хүн өвчиндөө шаналан хэвтэж байв. Энд хүүхэд ч гэлтгүй, том хүмүүс ч түлэгдэх, хөлдөх зэргээр ирэх болжээ. Өвлийн тачигнасан хүйтнээс улбаалж гадаа осгож, хөлдөх зэрэг асуудал гардаг. Тиймээс тус эмнэлгийн үүдийг биеийн аль нэг хэсэг нь хөлдсөн хэмээн сахин суух хүмүүс ихэссээр байгаа аж. Түлэнхийн тасаг 80 ортой. Гэтэл өдөртөө 100-аад хүнд үйлчилдэг гэнэ. Үүнээс гадна зориулалтын бус байр учраас ороо нэмэх зэрэг нь асуудалтай аж. Тасгийн сэхээн амьдруулах тас­гийн хувьд  гурваас дээшгүй хүн хэвтэн эмчлүүлэх ёстой. Гэтэл энэ тасагт л гэхэд 10 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгааг харахад  тус эмнэлгийн ачаалал хэр байгаа нь илт.

Эмнэлгийн нөхцөл байдлын талаар тус тасгийн эрхлэгч Б.Алтан­цэцэг “Байрны хувьд хүнд­рэлтэй гэдгийг хэн ч мэднэ. Эм, тоног төхөөрөмжийн хувьд ч дутагдалтай байна. Ирэх гурав­дугаар сараас бүх зүйл тодорхой болох байх гэж бодож байна. Барилгын асуудлыг бид хөөцөлдөх биш сайн мэдэхгүй. Ер нь бол энэ ондоо багтааж барилга барьж өгнө гэсэн мэдээлэл байгаа. Бид нарын хувьд эндхийн эмчилгээгээ л бо­ломж бололцоогоороо хариуцан ажиллаж байна. Түүнчлэн манай дээр ахуйн түлэгдэлт тасардаггүй. Үүн дээр нэмээд хөлдөлт нэмэгд­сэн. Хэвтэхээр ирсэн хүмүүсийг аль болох буцаахгүй гэсэн үүднээс чадахаараа л хүлээн авдаг. Харин Гэрээр эмчилгээ хийж болохоор цөөн тооны хүмүүст зөвлөгөөг нь өгч явуулдаг” гэлээ.

Тэдний одоогийн үйл ажил­лагаа явуулж буй “Мөнгөн­гүүр” эмнэлгийн тухайд наад зах нь эмнэлгийн зориулалтын бус барилга гээд асуудал олон. Гэтэл энэхүү Түлэнхийн тасгийнхан энд аль хэдийнэ жилийн нүүр үзчихээд байгаа юм. Харин барилгын ажил жил дамнан хойшилсоор л байна. Эрүүл мэндийн яамнаас Түлэнхийн төвийн барилгын ажилд онцгойлон анхаарч, Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2013 оны эхний хагас жилд баг­таан барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шал­гаруулж, ажлыг эхлүүлнэ гэж байсан. Түүнчлэн тус яамнаас өнгөрсөн  оны долоодугаар сард зарласан зураг төсөл боловсруулах зөвлөх сонгон шалгаруулалтад “ЭЗТ” ХХК шалгарч гэрээ бай­гуулан Түлэнхийн төвийн ши­нээр баригдах барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэвч тус яамнаас барилгын зураг төслийг оройтуулж өгснөөс ажил удаа­ширалтай байгаа. Мөн тен­дерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, барилгын ажлыг ирэх хавраас эхлүүлнэ гэж байсан. Тус барилгын зураг төслийг хийсэн “ЭЗТ” ХХК-ийн захирал Д.Цогтоос тодруулахад, “Зураг төслийн ажил нэг жил гаруйн өмнө дуусчихсан байсан. Хүлээгдэл үүсгэсэн өөр нэг шалтгаан нь тухайн үед дулааны техникийн нөхцөлийг шийдээгүй байсантай холбоотой. Барилгын зураг төслийг хийхийн тулд эхлээд дулаан, цахилгааны асуудлыг шийдэх ёстой. Дулаа­наа дагаад цэвэрлэх ажил явагддаг. Тиймээс аль, аль талдаа хайхрамжгүй хандсанаас дулааны ажил шийдэгдээгүй явжээ. Мөн дулааны асуудлыг шийдвэрлэсэн бол өдийд барилгын ажил ма­гадгүй эхэлчихсэн явж байх байсан” гэдгийг хэллээ.

Барилгын зураг төслийн хувьд  өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлчээр гарсан. Үүний дараагаар барилгын ажил гүйцэтгэх тендер зарлаж, өнгөрсөн оны аравдугаар сард Эрүүл мэндийн яамнаас үнэл­гээний ажлыг эхлүүлсэн гэж байв. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Төмөрбаатараас тодруулахад “Хуучин Түлэн­хийн төвийн барилгын байршил нь өндөр хүчдэлтэй гээд цар­цаасан барилгад хамрагдсан. Тий­мээс тэр хэсэгт аудитын газраас шалгалт хийж байгаа. Гуравдугаар сарын 15-ны үеэр хариу гарснаар барилгын асуудал тодорхой болно” гэлээ. Энэ нь нэг талаас анхааралдаа авах зүйн хэрэг боловч нөгөөтэйгүүр тус эмнэлгийн барилгын ажил он дамнан одоо болтол эхлээгүй байгаа нэг шалтгаан бололтой.  Ийнхүү барилгын үйл ажиллагаа үүнээс харахад хэзээ эхлэх нь өдий болоход тодорхойгүй байна. Түүнчлэн Түлэнхийн төвийн ба­рил­гын ажлыг эхлүүлэхэд нийт 26 тэрбум төгрөг шаарлагатай аж. Ийнхүү эхний ээлжинд Эрүүл мэндийн яамнаас найман тэрбум төгрөгийн тендерийг зарлажээ. Үүнд тус барилгын нэг болон дөр­вөн давхрын блокын ажлыг гүйцэтгэх аж. Харин үлдсэн 18 тэрбум төгрөгөөр долоон давхар барилгын асуудлыг шийдвэрлэх аж. Нөгөөтэйгүүр барилгын ажлыг шууд эхлүүлэх биш, тодорхой үе шаттайгаар хийх гэнэ.

Т.БОЛОРЦЭЦЭГ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж