Олимпийн наадмын нээлтийн арга хэмжээний хамгийн сонирхолтой үзүүлбэрүүдийн нэг нь "Сочи 2014"-ийн бэлгэдэл сахиус Мишка цагаан баавгай, цоохор ирвэс Леопард, молтогчин туулай Зайка нар аварга том дүрээрээ цэнгэлдэх хүрээлэнд тэшин орж ирж, мэндчилгээ үзүүлсэн явдал байлаа. Харин эдгээр гурван талисманыг жолоодож “амилуулсан” залуус бол Их Британийн иргэн Томас Френч, Стефан Купер, Гари Янг нар бөлгөө. Монголын багийн төлөөлөгчид Красная Поляна дахь “Хара” уушийн газар тэдэнтэй танилцан хамтдаа Английн Премьер-лигийн “Ливерпуль”-“Арсенал” багуудын тоглолтыг үзсэн юм. Сонирхуулахад “Челси”-гийн балиашиг Томас Френч ирвэсийг, “Ливерпуль”-ийн фанат Стефан Купер цагаан баавгайг, “Тоттенхэм”-ийг дэмжигч Гари Янг туулайг жолоодсон аж.
Сочи хотоос Р.Манлай мэдээлэв.
("Таван цагариг" сонин)