шийдвэрүүд заримдаа борчуудын амьдралд төвөг удах нь бий. НИТХ-аас
гаргасан зарим шийдвэрийг сар шинийн хоёрноос буюу хоёрдугаар сарын
1-нээс хэрэгжүүлэх журам хэдийнэ үйлчилж эхлээд байна. Уг журмаар
нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв,
цайны газар, авто үйлчилгээ болон гудамжны жижиг худалдаа эрхлэгчдийн
эрх үүргийг тодруулж, мөн зарим асуудлыг хориглож, цэглэхээр болжээ.
Тодруулбал, орон сууцны нэг давхарт янз бүрийн үйлчилгээ, худалдааны
газрууд шинээр нээхийг хориглож, мөн гудамж талбайд мод нүүрс
заруулахгүй байхыг анхааруулжээ.
Мэдээж, үүнийгээ хотын өнгө
төрхийг сайжруулах, үйлчилгээний соёлыг нэмэгдүүлэх, эрүүл ахуйн байдлыг
хангах, стандартыг мөрдүүлэхэд оршиж буй хэмээн тайлбарлаж байгаа юм.
Уг журмын дагуу нэгэн шинэ санааг хотын дарга нар сэдсэн нь худалдаа,
үйлчилгээнийхэн тухайн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахдаа оршин
суугчдын саналыг нь авч дэмжиж ажиллах ёстой гэнэ. Дугаар хорооны
дугаар гудамжны иргэн Балдан, Гомбо хоёрын саналыг авахгүй л бол
худалдаа, үйлчилгээний газрыг нээх эрхгүй болж байгаа бололтой. Нөгөө
хоёр нь өдөр болгон шил архи нэхээд өгөхгүй бол санал нэмэрлэхгүй гээд
зөрүүдэлчихвэл хэцүү л юм байна лээ.
Хотын шинэ удирдлагууд
ерөнхийдөө их өвөрмөц, сонирхолтой шийдвэрүүд багагүй гаргах дуртай. Уг
нь санаа нь зөв ч арга барил нь заримдаа хүний эрх зөрчих гээд байгаа нь
асуудал үүсгэж буй хэрэг.
Зуны өглөө сүү, тараг аваарай гээд орцны үүдэнд хашхираад зогсч байдаг нөхдүүд бол НИТХ-ынхны гаргасан журмаар зохицуулаж болох байх.
Харин өвлийн улиралд нүүрс шуудайлаад зогсч байгаа нөхдүүдийг журамлаад
эхэлбэл олон хүн галгүй хонож, олон хүний талхны мөнгө хумигдах болов
уу. Монголд шөнийн 24.00 цаг хүртэл үйлчилдэг том зах, дэлгүүрүүд хэд
байдаг билээ. Хаана байдаг билээ. Тэр тусмаа түлээ, нүүрсний захууд эрт
хаачихдаг болохоор орой үдэш ажлаа тараад ганц нэг шуудай нүүрс авах
гэсэн хүмүүс тэгээд галгүй хүйтэн гэрт даарч хонох болж байна уу. Машин,
машинаар нь нүүрсээ буулгачихдаг айл гэр хороололд цөөнгүй бий. Тэгвэл
нэг, хоёр шуудайгаар нь нүүрсээ зөөж түлдэг айлууд ч түүнээс олон
байгаа. Тэгэхээр нийтийн эзэмшлийн талбайд мод нүүрс заруулахгүй гэж
байгаа дарга нарыг амьдралаас арай л тасарчихжээ гэж хэлмээр байна.
Дараагийн
нэг хачирхалтай шийдвэр нь интернет кафег 19.00 цаг хүртэл ажиллуулах
тухай. Хүүхэд, залуучууд PС тоглоомонд донтож, эцэг, эхчүүдээс гомдол
ирэх болсон болохоор тэр дагуу дарга нар ийм нэг хүний эрхэнд халдсан
шийдвэр гаргалаа. Хууль чангарах тусам хулгай нарийсна гэдэг. Тэгэхээр
интернет кафенуудын эзэд үгэнд нь ороод 19.00 цаг болонгуут хаалгаа
барьчихна гэж бодож байна уу. Харин ч үгүй байх шүү. Илүү нууц, илүү
муу нөхцөлд ажиллах болно. Түүнийхээ оронд ажиллах орчин нөхцөлөө
сайжруулах, агааржуулалтын систем тавих, камержуулах, бага насны
хүүхдийг удаан хугацаагаар тоглуулах байх гэсэн шаардлага тавибал илүү
үр дүнтэй, бодитой шийдвэр байх болов уу. Өнөөдрийн хүүхэд залууст
чөлөөт цагаа өнгөрөөх ганц газар нь интернет кафе болсон. Сургуулийнх нь
заалыг захирал нь томчуудад мөнгөөр хөлслөөд халаасаа зузаална. Хоёр
цаг заал авахад 20 мянган төгрөг төлөх үү, хоёр цаг интернет тоглоод
2000-ыг төлөх үү гэдэг хүүхдүүдийн хувьд сонголт. Сургуулийнхаа номын
санд сууя гэхээр 17 цаг болгоод номын сан ч үүдээ хаагаад алга болно.
Мөсөн дээр гулгая гэтэл талбай нь байхгүй. Тийм болохоор л хүүхдүүд
интернетэд цагаа өнгөрөөж байна шүү дээ. Түүнийхээ оронд сургуулийнхаа
заалыг нээлттэй болгоод өгчих хэрэгтэй. Заалаа хөлсөлсөн захиралд
хариуцлага тооцох хэрэгтэй. Хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон
өнгөрөөх газар бариад өгчих хэрэгтэй. Тэгэхгүй бол интернет кафенуудын
ажиллах цагийг 19.00 болгоод ч” хулгай хийх арга” нь улам л нарийсна.
Эрүүл
аюулгүй байдал талаасаа гудамжинд сүү тараг,мах зарах нь зохимжгүй.
Тэгээд ч хүмүүс эрүүл мэндээ бодоод барагтай бол гудамжинд зарж байгаа
барааг авч идэхээ больсон шүү дээ. Харин мод нүүрс заруулахгүй байна
гэдэг борчуудын хоногийн хоолыг булаасантай ялгаа юун. Тэнд дарга хүн
очоод нүүрс шуудайлаад зарж зогсохгүй нь лавтай.
Хотын дарга,
Засгийн газрын зүгээс гаргаж байгаа энэ мэт гэнэтийн шийдвэрүүдийн ард
дандаа асуудал үүсдэг. Үүссэн асуудал нь энгийн иргэдэд багагүй
чирэгдэл үүсгэдэг болохоор гэнэтийн шинэ санаануудаа жаахан бодож байж
гаргаж байвал яасан юм бэ. Амьдралд нийцтэй шийдвэр гаргахын тулд
амьдрал жаахан судлах хэрэгтэй байна, дарга нараа…