
Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн, тодруулбал, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, Монголын 12 жүдоч Парисын татамид зодоглосноос эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 60 кг-д ОУХМ Г.Болдбаатар аваргын алтан медаль хүртэж, Гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д мөнгөн медаль хүртлээ. Энэ амжилтаараа Монголын жүдочид багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдэж байна.
Г.Болдбаатарын жинд 42 жүдоч өрсөлдсөн бөгөөд манай тамирчин С хэсэгт сугалаа татаж, хэсгийн барилдаанд эхний тойрогт хийлж, улмаар Мозамбик, Чех, Узбекистаны бөхчүүдийг ялж, хэсгийн аварга болжээ. Хагас шигшээ барилдаанд Г.Болдбаатар Японы Шинжи Кидог ялж, аваргын төлөө Гүржийн бөх Амиран Папинашвилийг цэвэр ялсан байна. Ингэснээр тэрбээр чансаандаа 400 оноо нэмж буй юм. Мөн түүний жинд өрсөлдсөн Г.Хэрлэн хүрэл медалийн төлөөх барилдаанд Тайванийн бөхөд дийлдсэнээр шагналт тавдугаар байрт шалгарчээ.
Дэлхийн аварга М.Уранцэцэгийн тухайд аваргын төлөө Японы бөх Эми Ямагишид вазари үнэлгээгээр дийлдэж, мөнгөн медалийн эзэн болжээ. Тэрбээр хэсгийн барилдаанд Казахстан, Аргентиний тамирчдыг ялж, хагас шигшээд Кубын Мария Селиа Лабордег ялсан байна.
Парисын “Их дуулга”-ын эхний өдөр хүч үзсэн Монголын бусад жүдочдоос ОУХМ Д.Төмөрхүлэг, Гавьяат тамирчин М.Бундмаа нар долдугаарт байрт шалгарсан бол бусад тамирчид хэсгийн барилдаанд ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр үлдсэн жингийн барилдаан болох бөгөөд Монголын баг тамирчдаас Г.Түвшинжаргал /81 кг/, Х.Цогтгэрэл /90 кг/, Н.Түвшинбаяр /-100 кг/, Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн /хоёул +100 кг/, Д.Жавзмаа /+78 кг/ нар Парисын татамид барилдана.