Зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсан гэв

Хуучирсан мэдээ: 2014.02.08-нд нийтлэгдсэн

Зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсан гэв

Хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувиар буурсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Махны үнийн хувьд, хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.7 хувь, үхрийн ястай махны үнэ 0.2 хувь, үхрийн цул мах 0.5 хувь, адууны мах 2.0 хувь, ямааны мах 0.1 хувиар тус тус буурчээ. Хүнсний зах, худалдааны төвүүдээр дунджаар нэг кг хонины ястай махны үнэ 7365 төгрөг, хонины цул мах 7450 төгрөг, үхрийн ястай мах 8365 төгрөг, үхрийн цул мах 9840 төгрөг, адууны мах 6500 төгрөг, ямааны мах 5675 төгрөгөөр худалдаж байна.

Дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 2.3 хувиар өссөн бол бусад зэргийн гурилын үнэ тогтвортой байжээ. Будаа, элсэн чихрийн дундаж үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар буурч, долоон хоногийн өмнөхөөс өөрчлөлтгүй байсан бол цагаан будааны үнэ 2.9 хувиар өссөн байна.

Төмс, ногооны дундаж үнийн хувьд, байцааны үнэ  өмнөх сарынхаас 0.4 хувиар өсч, сонгино 0.4 хувь, лууван 1.1 хувь, төмс 1.6 хувь,  манжингийн үнэ 2.5 хувиар буурсан ажээ.

Задгай сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 1.0 хувиар өсч, савласан нэг литр сүүний үнэ 0.7 хувиар буурсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж