-Хилийн боомтын тухай хууль батлагдсанаар ямар өөрчлөлтүүд гарах вэ?
-Манай Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг шилжин, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болох юм. Урьд нь хилийн боомтын талаар тухайлсан хууль байдаггүйн улмаас хилийн боомтын хөгжил, ажиллагсадын нийгмийн асуудал нэгдсэн бодлого зохицуулалтгүй явсаар ирсэн. Энэхүү хууль хэрэгжиснээр хилийн боомтын хөгжүүлэх эрх зүйн үндэс бий болохоос гадна хилийн боомтыг дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх ажлыг Боомтын хөгжлийн нэгдсэн бодлогоор хийх боломжтой. Манай байгууллага Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага болж өөрчлөгдөж улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж, бүртгэлийн нэгдсэн сан байгуулах үүрэг хүлээнэ. Мөн Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай хамтран гадаадад зорчиж буй монголчуудын эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, манай улсад зорчиж буй гадаадын иргэдийн хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих юм. Үндсэндээ зөвхөн гадаадын иргэний асуудлыг хариуцдаг байсан бол монгол, гадаад иргэдийн асуудлыг шийдвэрлэх болж байна.
-Хилийн нэвтрүүлэх хэсгийн ачааллыг хэрхэн багасгах боломжтой вэ?
-Хилийн боомтын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд бид техник технологийн дэвшлийг ашиглана. Ялангуяа монголын иргэд пасспортондоо аливаа тамга дарулахгүйгээр хил нэвтрэх боломжийг Буянт ухаа, Замын-Үүдийн боомт дээр олгож байгаа. Урьд нь хоёр минутын хугацаанд хилээр шалгуулан гардаг байсан бол одоо 15 секундын дотор хилээр нэвтрэх боломжийг олгож байна. Ингэснээр хил дээрх оочер дугаар багасна.
-Хил хамгаалах газартай хэрхэн хамтран ажиллах талаар тодруулаач. Орон тооны бүтцэд ямар өөрчлөлт гарах бол?
-Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим үүрэг манайхад ногдсоноор хилийн цэргийн 400 орчим албан хаагчид манай газар луу шилжин ирэхээр байгаа. Ер нь байгууллагад өөрчлөлт оруулна гээд төрийн албан хаагчийн тоо нэмэхгүйд анхаарна. Өнөөдрийн байдлаар 217 хүн манай газарт ажиллаж байна. Хилийн шалган нэвтрүүлэх албаны үүрэг хамтран гүйцэтгэхэд нийлээд 600 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллана гэж төлөвлөж байгаа.
-Нэмэлт боловсон хүчин ажиллах болсон учир төсөв санхүүг хэрхэн шийдэх вэ?
-Орон тоо шилжиж ирэхтэй холбоотойгоор түүнд зориулсан санхүү нь мөн манайд шилжиж ирнэ. Энэ нь цалингийн болон бусад зардал багтана.
-Улсын хилээр өдөртөө хэчнээн иргэн зорчдог вэ. Одоогоор Монголд гадаадын хэдэн иргэн суурьшиж байгаа вэ?
-Өдөртөө гэлгүйгээр нийтдээ дөрвөн сая орчим хилээр зорчдог иргэн байгаа. Үүнээс нэг сая 200 мянга нь гадаадын, үлдсэн нь монголын иргэд. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын бус, өвлийн улирал учраас гадаадын иргэдийн суурьших нь харьцангуй бага байдаг. Тиймээс нэг сараас дээш хугацаагаар суурьшиж байгаа гадаадын иргэд маш цөөрсөн. Нийт 24.400 орчим гадаадын иргэн байгаагаас найман мянга орчим нь хятад иргэд байна.
-2014 онд гаднаас хэдий хэмжээний ажиллах хүч авах вэ?
-Гадаадын ажиллах хүчний квотыг Засгийн газраас тогтоодог. Квотын хувьд нэг улсаас нэг хувиас дээш байх ёсгүй. Ер нь гадаадын 30 орчим мянган иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу ажиллах тооцоо бий. Үүн дундаас БНХАУ-ын иргэн их, түүний дараа Ардчилсан Солонгос улсын иргэд их байдаг. Квотыг салбар бүрээр ялгадаг. Жишээ нь, барилгын салбарт нийт ажиллагсадын 25 хувийг гадаадын иргэдээс авч болно. Газрын тосны салбарт 75 хувь. Учир нь тухайн салбарт ажиллах нарийн мэргэжилтэй ажилтан дотоодод хэр их байдаг билээ гэдгээс хамаарч, дутагдалтай салбартаа гадаадын ажиллах хүчнээс илүү авч болдог.
-Гадаадад суугаа монголын иргэд иргэншлээ сэргээлгэх хүсэлт их тавьдаг болж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Ер нь харьяатаа сэргээлгэх хүсэлт тавьсан БНСУ, Бүгд найрамдах Казакстан улсын иргэд байгаа. Өөр бусад улсаас харьяатаа сэргээлгэх хүсэлт сүүлийн арав орчим жилийн туршид ирээгүй.
-Гадаадын хэдэн иргэн монгол хүүхэд үрчилж авсан бэ. Ер нь гадаадад үрчлүүлсэн хүүхдүүдийг эргэн харж хянах боломж нь ямар байдаг вэ?
-Өнгөрсөн оны хэмжээнд зургаан хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлсэн. Ер нь бид хүүхэд үрчлүүлэх асуудалд нэлээн хянамгай ханддаг. Гадаадын хүнд үрчлүүлэхдээ цагдаа, сэргийлэхийн байгууллагын нарийн хяналт, шалгалт, судалгааг үндэслэдэг. Хамгийн гол нь тухайн гадаадын хүнтэй ярилцлага хийж, хүүхдийг хайр халамжаар дутаахгүй өсгөж чадах уу гэдгийг хардаг юм. Харин хүүхэд үрчлэгдээд хэрхэн амьдарч байгаа талаарх тайланг тухайн улсад суугаа Элчин сайдын газрууд хариуцан ажилладаг.
-Өршөөлийн сар зарлаж, гадаадын иргэдэд тусгайчлан анхаарал хандуулдаг шүү дээ. Энэ өршөөлийн сарыг хэзээ зарладаг юм бэ?
-2011 онд Өршөөлийн сарыг нэг удаа зарласан. Сая манай үйл ажиллагаа өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор нэг зарласан. Үүнийг байнга нэг цагт зарладаг юм биш. Үүнийг ер нь олон жил нэг айлд байгаа хүнийг гаргаж ирэх л зорилготой юм.