Хуучирсан мэдээ: 2014.02.07-нд нийтлэгдсэн

ДАНГААСҮРЭНГИЙН САЛДАН (1934-2014)

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Дангаасүрэнгийн Салдан 2014 оны 2 дугаар сарын 6-ны өдөр таалал төгсч, Монголын ард түмэн, гэр бүл, ойр дотныхонд нь хүнд гарз тохиолоо.

    Д.Салдан 1934 онд Архангай аймгийн Хотонт суманд төрж,  Нийслэлийн 1, 2 дугаар арван жилийн дунд сургууль, 1953-1958 онд ЗХУ-ын (хуучин нэрээр) Москва хотод Плехановын нэрэмжит Эдийн засгийн Академийг эдийн засагч мэргэжлээр суралцан төгсжээ.

    Тэрээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, 1958-1979 онд Улсын төлөвлөгөөний комиссын Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Үйлдвэр, барилгын асуудал эрхэлсэн орлогч дарга, Гадаад хамтын ажиллагаа эрхэлсэн нэгдүгээр орлогч даргаар тус тус ажиллаж байсны зэрэгцээ 1967 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хороог санаачлан байгуулалцаж, улмаар 1985 он хүртэл тус хорооны дарга бөгөөд БНМАУ-ын сайдаар томилогдон ажиллаж байв. Энэ хугацаанд гадаад орнуудын техник-эдийн засгийн туслалцаа, тусламжаар манай орны үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, холбоо, соёл, боловсролын салбарт нийтдээ 340 гаруй барилга байгууламж шинээр баригдсан нь түүний уйгагүй зүтгэл, бүтээлч санаачлагатай салшгүй холбоотой юм.

    Түүнчлэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, ноолуурын “Говь” комбинат зэрэг үйлдвэрүүд, нийслэлийн I, III, IY, XII, XIX хороолол, Дархан, Эрдэнэт, Багануур, Чойбалсан хотуудыг бүтээн босгох, барьж байгуулахад идэвх зүтгэл, бүтээлч хөдөлмөрөө зориулан ажиллаж ирснийг нь Монголын ард түмэн сайн мэдэх билээ.

    Д.Салдан нь 1985-1990 онд Унгар, Австри Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1990-1992 онд Тусгай асуудал эрхэлсэн Элчин сайд бөгөөд Монгол-Оросын хилийн Комиссын Монголын хэсгийн даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарч, 1992 онд Монгол-Сингапурын хамтарсан “ЛОТС-инвест” компанийг үүсгэн байгуулж дэд захирлаар нь ажиллаж байв.

    Улс эх орныхоо төлөө үр бүтээлтэй ажиллаж ирсэн түүний хөдөлмөр, зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол хүртээж, Сүхбаатарын одон, хошой Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой Алтан гадас одон, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиар тус тус шагнажээ.

    Талийгаачийн бүтээлч, хөдөлмөрч хичээнгүй зан чанар, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн чин хүсэл эрмэлзэл, нөхөрсөг дотно харьцаа, гэгээн дүр төрх бидний сэтгэлд үүрд дурсагдах болно.

Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, Н.Батбаяр, Л.БОЛД, Б.Болор, П.Очирбат, Д.Содном, С.Ламбаа, Д.Гомбожав, Ц.Балхаажав, П.Дамдин, Ц.Молом

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж