Хүн бүр амьдралдаа тодорхой зүг чигтэй, амжилттай, аз жаргалтай байхыг хүсдэг боловч хүн бүр тэгж чаддаггүй. Зарим нэг хүний амьдрал гялалзаж байхад зарим нэг хүнийх унтарч байдаг. Зарим нэг хүний бизнес цэцэглэж байхад зарим нэгнийнх нь дампуурч байдаг. Үүнд тухайн хүн хаанаас гаралтай, ямар амьдралаар хаана, яаж амьдарч байсан гэх зэрэг зүйл огт хамаарахгүй, харин яг одоо юу бодож, хаашаа чиглэж байгаагаас л бүх зүйл хамаардаг.
“Та хаанаас үүсч, хаанаас ирсэн огт хамаагүй, хамгийн гол нь хаана хүрэх, хаана очих тань л чухал”.
Даанч харамсалтай нь их олон хүн амьдралынхаа зүг чигийг хэзээ ч тодорхой гаргаагүй байдаг. Тийм ч учраас өдөржингөө завгүй гүйсэн ч, өдрийн төгсгөлд юу ч хийж, бүтээгээгүй байх нь элбэг.
Тиймээс амьдралынхаа зүгийг яаж зөв гаргах вэ гэвэл:
1. Өнөөдөр таны амьдрал хаана байна вэ? гэдгээ мэдэх.
2. Ирээдүйд таны амьдрал хаана хүрчихсэн байх вэ? гэдгээ мэдэх.
Тэгээд үүнийхээ дагуу ҮЙЛДЭЛ хийж эхлэх нь зүйтэй.
Гэхдээ зөв үйлдэл хийх гэж байна уу? Эсвэл буруу үйлдэл хийх гэж байна уу? гэдэг дээр санаагаа бүү зовоо. Зөв зүг рүү явж байна уу? Буруу зүг рүү явж байна уу? гэдэг дээр ч санаагаа бүү зовоо.
Яагаад гэвэл энэ тухай дэндүү их бодсоноор сүүлдээ энэ нь эцэс төгсгөлгүй шаналал болж, үүнээсээ болоод сэтгэлийн дарамтанд орж, зорилгодоо хүрч чадалгүй бууж өгдөг.
Мэдээж бид ирээдүйгээ таамаглаж чадахгүй. Ирээдүйд юу ч тохиолдож болно. Бид мэдэхгүй.
Тиймээс ирээдүйнхээ төлөө ЗҮРХ СЭТГЭЛЭЭ дагаж үйлдэл хийх нь чухал. Учир нь зүрх сэтгэлээ дагаж хийсэн үйлдэл зөв үйлдэл байдаг.
Санаж яв: Зүрх сэтгэлээ дагаж хийсэн үйлдэл ЗӨВ үйлдэл байдаг. Үйлдэл хийснээр амьдралын зүг чиг улам тодорхой болдог.
Хэрвээ та үйлдэл аль хэдийн хийгээд эхэлчихсэн бол тэр хийж буй үйлдэлдээ өдөр бүр 100%-ийн анхаарлаа төвлөрүүлж, бүхий л бололцоогоо ашиглаж, хамаг хүчээ шавхаж, хамгийнхаа сайнаар, чин сэтгэлээсээ хий!
Ингэж чадвал олон сайхан гайхамшиг танд тохиолдох болно.
Би зүрх сэтгэлээ дагаж үйлдэл хийх дуртай!